Сургуулийн хажуугийн хашаанд нэг саравч байдаг байв. Хичээл эртлэн тарсан өдрүүдэд найзуудтайгаа тэр саравчинд тойрон сууцгаадаг байлаа. Нэг өдөр бид хэн нь эхлүүлснийг мэдэхгүй "аав" гэсэн том сэдвээр ярьж эхэлсэн юм.
Хүүхдүүдийн хувьд бүгдэд нь таарамжтай сэдэв байгаагүй бололтой. Зарим нь гунигтай харагдаж байв. Бидний дундаас нэг маань “Аав нь орой болгон архи ууж ирдэг болохоор гэртээ эртлэн харихыг хүсдэггүй” талаараа ярив.
Тэр гомдолдоо бачуураад ч тэр юм уу “Аавгүй ч байсан болоосой” гэсэн үгийг амнаасаа аяархан унагах нь тэр. Гэтэл түүний яриаг нь таслан нэг маань "Надад архичин ч болтугай аав байсан болоосой" гэж гоморхон орж ирлээ. Яриаг нь дуусгалгүй үргэлжлүүлэн "Би багаасаа л аавгүй өссөн. Тиймээс аав гэж ямар хүн байдгийг мэдэхийн тулд архичин ч болтугай аавтай байхыг хүсэж байна" гээд яриагаа дуусган чимээгүй боллоо. Харин өөр нэг хүүхэд "Ээж чинь яагаад өөр хүнтэй сууж, чи аавтай болж болохгүй гэж" гэсэн асуулт тавихад бидэн дундаа барагтаа ярианд ороод байдаггүй нэг хүү "Би хойд аавтай. Миний хувьд битгий болоорой гэж хүсэх байна" гэв. Нэг л мэдэхэд энэ яриа маргаан шиг болж бүгд дор бүрнээ гомдолцгооно. Гэтэл бүтэн өнчин найз маань "Та нарт ядаж ээж байгаа шүү дээ" гэж хэлээд уйлах аятай толгой доошоо гудайлгав.
Миний нийлдэг хүүхдүүд яагаад ч юм бүгд л аавын асуудалтай байлаа. Тэнд цугласан хүүхдүүдэд би юу ч хэлээгүй бүгдийнх нь яриаг сонсож суусан юм. Учир нь өглөөхөн аав минь “Өдөр ирээрэй” гээд савтай хоол үүргэвчинд минь хийгээд, сургуульд минь хүргэж, инээмсэглэн даллаад цааш ээж, дүүг маань албанд хүргэж өгөхөөр явсан юм.
Энэ талаар бодож суутал "Өнөөдөр аав нь эрт харина. Амттай юм аваад очъё" гэсэн зурвасыг би яагаад ч юм нууж уншиж байлаа. Аавынхаа талаар яривал бусад хүүхдэд онгирч байгаа юм шиг санагдана.
Өөрийнхөө баатраар чимээгүй бахархан тэдний яриаг үргэлжлүүлэн сонсохдоо “Би сайн аав болно” гэсэн бодол толгойд минь тогтож байлаа.
О.ГАНЖАРГАЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )