АНУ, Европын Холбоо нь Оросын томоохон банк, Оросын Шууд хөрөнгө оруулалтын сангийн эсрэг чиглэсэн хориг арга хэмжээ авахаар ярилцаж байна гэж Блүмберг агентлаг эх сурвалж дурдан мэдээлжээ.
Хориг арга хэмжээг ОХУ Украин улс руу дайрсан тохиолдолд авах гэнэ. Энэ хүрээнд рублийг ам.доллар, евро болон фунт стерлингт хөрвүүлэхэд хязгаарлалт тавих боломжийг судалж байгаа аж. Москваг олон улсын төлбөр тооцооны SWIFT системээс хасах нь илүү үр дүнтэй арга хэмжээ гэж үзэж байгаа гэнэ. Гэвч энэ арга хэмжээ нь энгийн иргэдэд хүнд цохилт болно гэж болгоомжилж байна.
Хориг арга хэмжээтэй асуудлыг АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй хийх хэлэлцээний үеэр хөндөж магадгүй гэж Блүмберг агентлагийн эх сурвалж үзэж байна.
Киев болон барууны улс орнууд сүүлийн үед ОХУ Украины хил рүү цэргийн хүчээ татан, төвлөрүүлж байгаад сэтгэл зовниж буйгаа илэрхийлж байгаа билээ. Кремлийн тэргүүний хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Москва цэргээ нутаг дэвсгэрийнхээ хүрээнд шилжүүлж байгаа бөгөөд аль нэг улсад заналхийлээгүй гэж мэдэгдээд хил залгаа тогтворгүй бүс нутагтай аливаа улс орон өөрийн аюулгүй байдлыг хамгаалах үүднээс шаардлагатай арга хэмжээ авдаг гэж онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )