ОЛОН ӨНГӨ: Хамт олны уур амьсгал хамгаас чухал

2021 оны 12 сарын 09

 Их сургуулиа төгсөөд Монголын томоохон тогтмол хэвлэлийн тоонд ордог “Өглөөний сонин”-д ажилд орлоо. Сэтгүүлч мэргэжлээрээ ажиллана гээд үнэхээр их сэтгэл хөдөлж билээ. Дөнгөж сургуулиа төгссөн, ажлын туршлагагүй би гэдэг хүн бүгдийг нь хийнэ, чадна, сурна гээд л эрч хүчээр дүүрэн  байсан. Гэсэн хэдий ч төсөөлсөн шиг амар байгаагүй юм. Эхний нэг сарын турш юуг, яаж хийхээ ойлгохгүй, хий дэмий санаа зовоод, хийж гийгүүлсэн зүйл байдаггүй байв. Энэ хугацаад сэтгэл санааг минь хамгийн их зовоож байсан зүйл бол миний туршлагагүй байдал байсан юм.

Гэхдээ тэр бүхэнд ажлын хамт олон, мэргэжил нэгт нөхөд маань урам өгч, зааж сургаж, өөрийгөө хөгжүүлэх боломж олгож байлаа. Цаг хугацаа өнгөрөх тусам ажлын арга барилаа олж, юуг хэрхэн хийхийг сурсаар л байна. Ажиллах хугацаандаа шантралгүйгээр, хүсэл тэмүүлэлдээ хөтлөгдөн алхахад сайн хамт олон, сайхан уур амьсгал хамгийн их нөлөө үзүүлжээ.

Манай хамт олон яг л төрсөн ах дүүс шиг найрсаг харилцаж, бие биенээ маш сайн дэмжиж ажилладаг. Баяр жаргал, зовлон гунигаа хуваалцаж, хамт олныхоо хөгжиж дэвших бүхий л боломжийг хангадаг юм. Нөгөөтэйгүүр аливаа байгууллагыг ямар хүн удирдаж байгаагаас хамааран ажлын байрны соёл, орчин, уур амьсгал бүрддэг билээ. Үүнтэй хүмүүс тэр бүр маргахгүй болов уу. Сайхан сэтгэл нь ялимгүй жижигхэн зүйл дээр ч илэрч байдаг “Өглөөний сонин”-ы хамт олныг хэзээ ч марташгүй. Байгууллагад маш олон нөөц бий. Гэхдээ эцсийн дүндээ хэчнээн сайхан ажлын байр, мундаг техникийн бааз байлаа гээд байгууллагыг хөдөлгөгч гол хүч нь хүн. Хүн хүнээ хайрлаж, дэмжиж, урамшуулна гэдэг юутай ч зүйрлэшгүй үнэ цэнтэй хөрөнгө оруулалт билээ.

Д.МЯГМАРЗАЯА

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top