ОЛОН ӨНГӨ: Төрсөн өдөр

2021 оны 12 сарын 16

Хүн болгоны төрсөн өдөр ямар нэг дурсамжтай байдаг. Харин миний төрсөн өдөр амьдралын минь чухал хэсгүүдтэй үргэлж холбоотой явж ирсэн юм. Би аавынхаа төрсөн өдрөөр төрсөн. Яагаад ч юм аав минь надад өөрийнхөө нэрийг өгч өөрөө нэрээ солиулсан гэдэг. Нэг удаа энэ талаар асуухад “Миний нэр аз дагуулдаг юм” гэж билээ. Хамаатнууд маань бүгд л миний хэл муутайг гайхна. Энэ асуудалд аав минь л ганцхан санаа зовдоггүй байлаа. Гэхдээ би таван насны төрсөн өдрөөрөө гадаад шүлгийн тэмцээнд орж түрүүлж байв. Мөн хүмүүс намайг жижигхэн биетэй, биеийн хөгжил муутай доожоогүй хүн болно гэж ярьдаг байлаа.

Үүнээс ч болсон уу аав өглөө бүр надтай хамт гүйдэг хэвшилтэй болов оо. Улмаар дунд ангид ордог жилээ сургуулийнхаа хөнгөн атлетикийн тэмцээнд түрүүлж байсан гээд л бод.  Ахлах ангид байхдаа хими, физикийн хичээлдээ дуртай байсан ч ангийн багш надад “Чиний шинжлэх ухаанч, инженер болно гэж юу байсан юм. Тамирчин болбол хоолоо олоод идэж чадна” гэж хэлдэг байлаа. Төгсөх ангидаа улсын олимпиадад түрүүлж их сургуульд урилгаар орсон юм. Их сургуулиа төгсөхөд бүгд л “Эндээ багшаар үлдвэл ирээдүйд чинь хэрэгтэй” гэж зөвлөв. Миний хувьд мэргэжлээрээ ажиллахаар шийдэж тэр саналыг хүлээж аваагүй.

Ажилд орсон анхны жилээ ахлахынхаа хүүхдийг зөөж, даргынхаа машиныг барьж хүн болгоны гарын үзүүрт зарагдаж өнгөрөөлөө. Муухай нь тэр үед найз нөхөд, хамаатан саднууд “Үгэнд ордоггүй хүн одоо тэндээ хатна даа” гэж ярьдаг байсан юм билээ. Удалгүй ажлаасаа гарч хувийн бизнес эхлүүлэх болоход ээжээс минь өөр хэн ч итгэсэнгүй. “Энэ хэцүү нийгэмд ахиж аятайхан ажил амар олдохгүй дээ” гэж зөвлөнө. Хамгийн сайхан нь аав, ээж минь намайг хүсэл мөрөөдлөөр дүүрэн өсгөж, хэзээ ч бүү шантраарай гэж хүмүүжүүлсэн. Азтай байгаасай гэж өөрийнхөө нэрийг хүртэл өгсөн аавынхаа мөрөөдлийг өөрийнхөө мөрөөдөлтэй хамт биелүүлсэн энэ өдөр аавын аав болсонтой чацуу болж би 30 нас хүрлээ. Амжилт хэн нэгнээс биш зөвхөн чамаас шалтгаална гэдгийг ойлгуулсан шүүмж бүхэнд баярлалаа.

О.ГАНЖАРГАЛ

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top