ОЛОН ӨНГӨ: Хүүхдийнхээ шүдийг зөв угааж суръя

Автор | Zindaa.mn
2021 оны 12 сарын 22

Шинэ он дөхөж буй энэ өдрүүдэд эцэг, эхчүүд хүүхэддээ амттай гэхээс илүү хэрэгтэй бэлэг өгөөсэй. Монголд 10 хүүхэд тутмын ес нь шүдний ямар нэг өвчлөлтэй. Тиймээс үндэсний хэмжээнд хүүхдийн шүдийг эрүүлжүүлэх хөтөлбөр хүртэл хэрэгжүүлсэн байдаг. Шүдийг хамгийн их өвчлүүлдэг зүйл нь элдэв төрлийн амттан. Ялангуяа хийжүүлсэн ундаа, чихэр, шоколад.

Мэдээж огт амттан идэхгүй биш л дээ. Нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн өгөхдөө шүд цооролтод нөлөөлөөд байгаа сахарын хэмжээ нь 10 хувиас хэтрэхээргүй байх ёстой. Тэгэхээр хүүхэддээ өгөх бүтээгдэхүүний хаяг шошгын мэдээллийг харж мэддэг байх нь чухал. Шүдэнд наалддаг хүнс, хоол унд идсэнийх нь дараа ядаж л хүүхдийнхээ амыг усаар зайлуулж сургаарай.

Оо, сойзоо зөв сонгоорой. Чихэргүй оогоор угааж, сойзыг ойрхон давтамжтай сольж байх нь ч амны хөндийн эрүүл мэндэд тустай.

Шүд цоорох өвчний гол шалтгаануудын нэг нь өнгөр хэсэгт буюу шүдэн дээр наалдсан хогийг гүйцэд цэвэрлэж чадаагүйгээс үүдэлтэй гэдгийг эмч нар хэлдэг. Шүдийг зөв угаахын тулд эхлээд шүдэнд наалдсан өнгөрийг сайтар цэвэрлээд, сойзны толгойн хэсгийн хэмжээтэй оогоо тааруулж хөөсрүүлж угаана. Угаахдаа сойзыг хөндлөнгөөр нь барьж шүдийг дээрээс доош, доороос дээш гэсэн дарааллаар угаагаарай.

Шүд өвдсөн бол эмчлэхгүй удах нь бусад 200 гаруй суурь өвчлөлийн шалтгаан. Иймд, хүүхдийг 12 нас хүртэл нь улиралдаа нэг удаа шүдний эмчид үзүүлж хэвших хэрэгтэй шүү. Шүд өвдөж эхлэхээсээ өмнө шүдний цагаан өнгө шохойжиж өнгө нь өөрчлөгддөг. Дараагаар шүдэнд жижиг нүх үүснэ. Энэ хүртэл хүүхдийн шүдэнд ямар нэгэн зовиур илрэхгүйг мэдээд авахад илүүдэхгүй биз ээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top