Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны 11 дүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 13.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 4.3 их наяд төгрөг буюу 47.3%, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 11.7 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 3.4 их наяд төгрөг буюу 41.5%-иар тус тус өсжээ.
Харин төсвийн нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 13.6 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеэс 1.8 их наяд төгрөг буюу 49.1%-иар буурсан байна.
Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ 11 дүгээр сард 1 их наяд төгрөг болж, өмнөх сараас 31.4 тэрбум төгрөг буюу 3.2%, нийт зарлага, эргэж төлөгдөх цэвэр зээлийн нийт хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сараас 100.3 тэрбум төгрөг буюу 8%-иар тус тус өсжээ.
Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл есдүгээр сард 236.1 тэрбум төгрөг, аравдугаар сард 270.3 тэрбум төгрөг, 11 дүгээр сард 339.2 тэрбум төгрөгийн алдагдалтай байна.
Улсын нэгдсэн төсвийн орлогод тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 4.8 нэгж хувь, татварын бус орлого 1.6 нэгж хувиар өсөж, ирээдүйн өв сангийн орлого 1.2 нэгж хувь, татварын орлого 5.3 нэгж хувиар тус тус буурчээ.
Сэтгэгдэл ( 0 )