Нийслэлийн иргэд урин дэлгэр цагт зуслангийнхаа байшин руу нүүдэг уламжлалтай. Хотын ойролцоох уулсын ам бол тэр чигээрээ л зуслан. Энэ нь агаар салхинд байх гэсэн монголчуудын эртнээс тогтсон дэгтэй ч холбоотой байх. Тэгвэл сануулахад, Улаанбаатар хотын утаа гамшгийн хэмжээнд хүрээд удаж байна.
Өнөөдөр Энэтхэг, Хятадын хэдэн хотын араас Улаанбаатар агаарын бохирдлоороо тэргүүлэн жагсдаг.
Хавдар, амьсгалын замын өвчлөлөөрөө магнайлж байгаагийн цаад шалтгаан нь мөн л утаа. Үүнтэй тэмцэх гэж төр засаг, Улаанбаатар хотын удирдлагууд олон жил хичээлээ. Дундуур нь хулгай, завхрал ч их орсон доо. Гэхдээ хамгийн үнэн зүйл бол Монгол гэдэг жилийн ихэнх цагт цас мөсөнд хучаастай байдаг хахир хатуу оронд гэр хороололгүй болох хэмжээнд орон сууц барина гэдэг асар өндөр зардал юм.
Үүнийг гурван Тавантолгой, таван Оюутолгойтой байгаад ч арван жилийн дотор хэрэгжүүлнэ гэж байхгүй. Сайжруулсан түлш, цахилгаан халаалт зэрэг чинь зүгээр л хүүхэд хуурч байгаа төдий арга хэмжээ. Гараад хар л даа. Нийслэлийн иргэн ямар байр сууцанд амьдарч байгаагаасаа үл шалтгаалан цөмөөрөө утаан дунд сууж байна. Ийм болохоор Улаанбаатараас зугтах л ганц арга үлдсэн. Эхнээсээ амьдралын бололцоотой хэсэг нь Тэрэлжийн амралтуудад байшин, гэрийг өвлийн турш түрээслэдэг болчихсон байна лээ.
Энэ юуг харуулж байна вэ гэхээр нийслэлийн айл өрх бүрд зуслан лугаа адил хотоос зайдуухан өвөлжөө хэрэгтэй болжээ гэсэн үг. Зуслангийн байшингаа өвлийнх болгоход нь зориулсан зээл өгөх цаг нь иржээ. Төв аймагт, Багануурын ойролцоо, Монгол наадам цогцолбороос цааш эрчим хүчний дэд бүтэц татаж, замыг нь өргөсгөөд өрх бүрд өвөлжих зориулалтын байшинтай болох болзолтойгоор газар олгох хэрэгтэй байна.
Тарааж байрлуулсан бөөн цөөн айлууд нүүрсээ түлнэ үү, цахилгаанаар халаалтаа шийднэ үү тэдний хэрэг. Ядаж л хүмүүс утаанд хордох эсэхээ өөрсдөө сонгох боломжтой болно шүү дээ.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )