"ХҮРЭЛ ДОНОР" Д.Ган-Очир: Амьдрал бэлэглэсэн зарим хүмүүстэйгээ АХ ДҮҮС ШИГ болсон

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 05

Монгол  Улс жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг “Цусны донорын үндэсний өдөр” болгон тэмдэглэдэг. Өнгөрсөн даваа гарагт тохиосон энэ өдрөөр Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс хүндэт доноруудаа тодруулж, алдаршуулсан юм. Энэ жилийн хувьд 200 удаа цусаа бэлэглэсэн “Топ донор”, 150 удаа цусаа өгсөн “Алтан донор”, 100-аас дээш өгөлттэй “Мөнгөн донор”, 70-аас дээш өгөлттэй “Хүрэл донор”-ууд тус тус тодорсон бөгөөд “Хүрэл донор”-оор өргөмжлөгдсөн Д.Ган-Очиртой цөөн хором ярилцлаа. Тэрбээр “Түвдэнпэлжээлин” хийдийн Ловон лам бөгөөд бусдын эрүүл мэндийн төлөө 10 гаруй жил цусаа хандивлаж иржээ.


-“Бурхан номын хүн давхар буян хурааж, “Хүрэл донор” болжээ” гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд нэлээд шуугиан тарилаа. Та түүнийгээ мэдэв үү?

-Олон хүн “Таны зураг фэйсбүүкээр явж байна”, “Та зурагтаар гарлаа” гэж утсаар ярьсан. Өөрөө өглөө арга хэмжээндээ оччихоод, өдөр нь номоо уншаад сошиал орчинд орох завгүй байсаар орой түүнийгээ олж харсан. Миний төрсөн өдөр энэ өдрөөр буюу нэгдүгээр сарын 3-ны өдөр тохиодог. Хүмүүсийн давхар, давхар баяр хүргэсэн мэндчилгээнд дарагдсан өдөр л өнгөрлөө.

-Манай улс жил бүрийн нэгдүгээр сарын 3-ны өдрийг ийн тэмдэглэдэг. Тэгэхээр та төрсөн өдөр бүрээрээ буян хийдэг байх нь. Хэдэн жил цусаа хандивлаж байна вэ?

-Би 2011 оноос хойш цусаа өгч эхэлсэн. 11 жил цусаа өгсөн байна. Зөвхөн цус ч гэлтгүй сийвэн, эс гээд бүгдийг нь хандивладаг.

-Анх ямар шалтгаанаар цусаа хандивлах болов?

-“Таны өгсөн нэг удаагийн цус гурван хүний амь аварна” гэх бичигтэй сурталчилгааны самбарыг хараад анх цусаа өгөх сэдэл төрсөн. Манай бурхны шашинд арван хар нүгэл буюу амь таслах гэж байдаг тэрний эсрэг буян нь “Амьтны амь аврах буян" гэж бий. Тиймээс л амьтны амь аварч, буян хийе гэж хүссэн.

Тэгээд Цус сэлбэлт, судлалын үндэсний төв рүү хандаж, хэдийд, яаж өгөх талаар асуугаад, 2-3 хоногийн дараа цусаа өгөөд байж байтал хэд хоногийн дараа “Таны цус тэнцлээ” гэсэн хариу и-мэйлээр ирсэн. Түүнээс хойш зааврынх нь дагуу хоёр сар өнжөөд нэг удаа цусаа өгдөг болсон.

2017 онд 35 удаа цусаа хандивлаж, “Хүндэт донор” болж байсан.



-Цусаа өгснөөр өөрийн тань биед ямар өөрчлөлт гардаг вэ?

-Цусаа өгдөг болсноос хойш миний биед сайн талын өөрчлөлтүүд их гарсан. Бурхны шашны бид чинь суугаа ажилтай болохоор хуян, цээж их хөөрдөг. Цусаа, цусны сийвэнгээ өгөөд эхэлсэн чинь цус шинэчлэгдэж, цусны өнгө хувираад, хөөрөлт бүрэн арилсан. Эрэгтэй хүн чинь цусаа тэр бүр шинэчилж чаддаггүй юм байна. Тэрийг цус хандивладаг болсноороо шийдсэн.

Нөгөө талаараа би цусаа өгч буй хүмүүстээ амьдрал бэлэглэсэн гэж сүсэглэж явдаг. Цусаа өгөөд сууж байхдаа Манал бурхны тарнийг уншаад “Миний цусыг авсан хүн амьдраасай. Амьдрах амьдрахдаа хамгийн сайн сайхнаар амьдраасай” гэж чин сэтгэлээсээ бясалгаж өгдөг.

-Цусаа хандивлахын тулд хоол ундны тал дээр гам барих хэрэгтэй юу?

-Хамгийн гол нь эхлээд хүний амь аварья гэх сэтгэл төрчихсөн бол түүний дараагийн зүйлс аяндаа бүтдэг юм билээ. Би нэг удаа цус өгөхдөө 350 грамм, сийвэн өгөхдөө 600 граммаар өгдөг. Сийвэнг өгөхийн тулд нэлээд хэд хоног хоол ундаа тохируулж байгаад өгөх ёстой. Сүүлийн хэдэн жил цус, сийвэнгээ өгөх цаг ойртоод ирэхээр долоо хоногийн өмнөөс хоол ундандаа гам барьж, тостой хоол идэхээ больдог. Сая шинэ оны эхэнд сийвэнгээ өгөх байсан учраас энэ жилийн шинэ жилээр дусал ч оргилуун дарс амсаагүй /инээв/. Хүнсний хэрэглээндээ маш сайн хяналт тавьсан. 

Зун наадмын үеэр өгч таарах юм бол айраг цагаа уухгүй гам барина. Би чинь амьтны амь аврах гэж байгаа хүн шүү дээ.
 



-70 удаа цусаа өгөөд “Хүрэл донор” болсон гэхээр хичнээн хүний амь аварсан гэсэн үг вэ. Тийм тооцоолол гаргах боломжтой юу?

-210 хүний амь аварлаа гэсэн үг. 210 хүний чинь цаана багаар бодоход таван ам бүл бий гэхээр 1000 гаруй хүнтэй ах дүүс болчихсон байна.

-Цусаа өгөх насны дээд, доод хязгаар гэж байдаг уу?

-Бүхэл цусны донорын хувьд 17-60 настай, эмэгтэй 45 кг-аас дээш, эрэгтэй 55 кг-аас дээш жинтэй байх, Сийвэн, эсийн донор 18-55 насны, эмэгтэй 50 кг-аас дээш, эрэгтэй 55 кг-аас дээш жинтэй байх ёстой.

-Цар тахалтай холбоотойгоор цусны доноруудын тоо багассан, хомсдолд орох магадлалтай байна гэж яриад байсан. Өнгөрсөн онд энэ мэт шалтгаанаар та нарыг дуудав уу. Ер нь цусаа өгөөрэй, өгөх боломжтой юу гэж ЦССҮТ-өөс холбогддог уу?

-Бидний бүх бүртгэл Цус сэлбэлт, судлалын үндэсний төвд бий. Одоо Монгол Улс эрхтэн шилжүүлэн суулгах мэс засал хийдэг болоод байна. Тийм мэс засал хийлгэж байгаа хүний ар гэр ЦССҮТ-д тэддүгээр бүлгийн цус хэрэгтэй гээд, 2-3 хоногийн өмнө захиалга өгдөг. Тэр дагуу хааяа холбогдоно. Нэг бодит жишээ ярья. Эрхтэн солиулах гэж байгаа нэг хүний гэр бүлээс төвд захиалга өгсөн юм байна. Над руу төвөөс өмнөх өдөр нь залгаад “Та өгөх боломжтой юу” гэсэн. Би боломжтой гээд биеэ бэлдэж эхэлсэн. Өлөн очих ёстой шүү дээ. Маргааш нь 11:00 цагийн үед цусаа өгөх гээд очиход гэр бүлийнх нь хүмүүс байж таарсан. “Лам хүн донор боллоо” гээд маш их бэлэгшээж, “Хүнд маань ном уншиж өгөөрэй” гэж гуйсан. Таван жилийн өмнө. Тэр хүн маань хагалгаа нь амжилттай болж, одоо надтай ах дүү шиг л ойр байдаг. Хүнд амьдрал хайрласан бодит жишээ маань байгаа учраас хүний амь аварсан даа гэж үргэлж баярлаж явдаг.

-Танай хийдийн лам хуврагууд, найз нөхдөөс тань цусны донор болсон хүн бий юу?

-Байгаа шүү. Би цус өгөхөөр очихдоо хамт ажилладаг, эсвэл найз нөхдөөсөө дагуулж очоод, цусыг нь өгүүлдэг. Ингэхээр би давхар уриалагч болоод байгаа юм. Түүгээр ч зогсохгүй би цусны донорын сүлд дууг зохиосон. Аяыг нь зохиолч Лодойдамба гуайн охин Насанбат гэж хүн хийсэн. Дууг маань Монгол Улсын Ардын жүжигчин Чимэдцэеэ “Дэлхийн цусны донорын өдөр” буюу зургаадугаар сарын 14-нд дуулж амилуулсан. “Амьдрал бэлэглэе” гэх дуун дээр минь байгаа:

Аугаа хайрын сэтгэлийн гүнээс

Ачлан тэтгэж, амь бэлэглэе

Аз жаргалаар амьдрал нь бялхаж

Ахан дүүсийн хэлхээ тогтог...” гэж бий. Энэ маань бид ингэж цусаа өгснөөр хүмүүстэй ахан дүүсийн хэлхээ тогтож байгаа гэж бодож байгаа. Өгсөн нь баясаж, авсан нь амьдарч, өвдсөн нь илааршаасай гэх ерөөл тавьж байгаа юм. Үгийн эрчим гэж мундаг зүйл байна.
 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.52) 2022 оны 11 сарын 14

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
DR. PRADHAN(197.211.53.52) 2022 оны 11 сарын 14

\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

0  |  0
dbatsukh2017@gmail(202.9.46.60) 2022 оны 01 сарын 06

Ахдаа баяр хүргэе.Таны минь буян үргэлж мөнхд дэлгэрч байх болтугай.

0  |  0
Багш Туяа(66.181.161.64) 2022 оны 01 сарын 06

Шавьдаа баяр хүргэе. Үүнээс илүү энэрэнгүй сэтгэл, их ач гэж хаа байх вэ. Шавиараа бахархаж бна. Олон хүнд амьдрал хайрлаарай гэж ерөөе

0  |  0
Top