Өнөөдөр /2022.01.06/ Засгийн газрын хуралдаанаар Эдийн засаг, хөгжлийн яам болон Цахим хөгжил, харилцаа холбооны яамны үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарыг баталлаа.
Эдийн засаг, хөгжлийн яам нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн газар, Бүс нутаг, аж үйлдвэрийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Хөгжлийн санхүүжилтийн нэгдсэн бодлого, төлөвлөлтийн газар, Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны бодлого, төлөвлөлтийн газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хөгжлийн судалгаа, шинжилгээний газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн долоон газар, найман хэлтэстэй, нийт 80 орон тоотой байна.
Цахим хөгжил, харилцаа холбооны яам нь Бодлого төлөвлөлтийн газар, Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Харилцаа холбооны бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, Төрийн захиргааны удирдлагын газар, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар гэсэн зургаан газар, найман хэлтэстэй, нийт 87 орон тоотой байна.
Тэгвэл эдгээр яамдын зардлыг энэ 2022 оны улсын төсөвт хэрхэн тооцож тусгасныг хүргэе.
Шинээр байгуулагдан, үйл ажиллагаагаа эхлүүлэх Эдийн засаг хөгжлийн яамны сайдын зардлыг 2022 оны төсвийн ТӨСӨЛД 4,392.4 сая төгрөгөөр тусгаж оруулж ирсэн бол хэлэлцүүлгийн явцад энэ хэмжээ нэмэгдэж, 313 тэрбум 859 сая 900 мянган төгрөг байхаар хуульчлан батлагдсан юм.
Мөн шинээр байгуулагдаж буй Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайдын захиран зарцуулах зардал 2022 оны төсвийн төсөлд 1,862.6 сая төгрөг байхаар эхэлж тусгагдсан бол 44 тэрбум 544 сая 100 мянган төгрөг байхаар хуульчлагдан батлагдсан.
Ингэснээр шинэ яамдын зардал төсвийн төсөлд анх тусгагдсанаас 350 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн юм.
ЦАХИМ ХӨГЖИЛ, ХАРИЛЦАА ХОЛБООНЫ САЙД
ЭДИЙН ЗАСАГ ХӨГЖЛИЙН САЙД
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар мөн Засгийн газрын тохируулагч агентлаг-Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, Үндэсний хөгжлийн газрыг тус тус татан буулгаж, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрыг Цахим хөгжил, харилцаа холбооны яаманд, Үндэсний хөгжлийн газрыг Эдийн засаг, хөгжлийн яаманд шилжүүлээд байна.
Сэтгэгдэл ( 0 )