Төрийн эрх барьж буй нөхөд Улаанбаатар хот утааг яллаа гэж зарласан нь саяхан. Үнэндээ бид бус тэд өөрсдийнхөө хэмжээнд л ялалт байгуулсан гэдгийг өнөөдрийн нөхцөл байдал харуулж байна. Ингэхдээ сайжруулсан нэртэй түлшинд дулдуйдсан. Улмаар намын олон гишүүдээ нэгэн зэрэг алга ташуулснаар сайжруулсан түлшний ялалт бидний нүдэнд бий болсон юм.
Харин амьсгалах агаарт бол хорт хий буураагүй. Хотын гудмаар удаан алхахад толгой өвдөж, дотор муухайрах явдал байсаар л байсан.
Хөө тортог нь хүртэл гарт баригдаж байгааг өглөө бүр амьдардаг гэрийнхээ цагаан бүрээсийг шүүрддэг хүмүүс мэднэ дээ.
Яг түүхий нүүрстэй адил боловч өмхий үнэртэй гэдгээрээ сайжруулсан түлш болчихож байгаа. Хоруу чанар нь ижил. Түүхий нүүрснээс арай бага утаа ялгардаг болохоор нь сайжруулсан гэдэг нэр өгсөн юм шиг байгаа юм. Технологийн хувьд түүхий нүүрсийг эхлээд нунтаглана. Дараа нь нунтагласан нүүрсээ барьцалдуулагч бодистой хольж, төхөөрөмжөөр шахан хэвлэхийг сайжруулсан түлш гэх болсон.
Уг нь бол сайжруулсан бус шахмал түлш гэж нэрлэвэл зохилтой.
Үүнийг шатаахад илч нь нэмэгддэг боловч нүүрстөрөгчийн дан исэл ихээр ялгардаг. Агаарт байгаа нэг сая молекул тутамд 70 ширхэг нүүрстөрөгчийн дан исэл байхад хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж эхэлдэг. Энэ нь хүний нүдэнд харагдаж, үнэртдэггүй учраас маш богино хугацаанд хордох нөхцөл бий болдог.
Тэгвэл хөө тортог байна гэдэг нь бид нунтагласан нүүрсийг хамраараа шууд амьсгалж, амаа ангайх бүрдээ идэж байна гэсэн үг. Тэгэхээр сайжруулсан нэр зүүсэн болгоныг сайн гэж эндүүрч болохгүй байгаа биз.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 2 )
Яг үнэндээ муужруулдаг түлш шүүдээ
Монголчуудын сайжруулсан гэж сайрхдаг бүхэн нь хор болдог шүү үхэр монголчууд аа.