ОЛОН ӨНГӨ: Хайр юунаас эхэлдэг вэ!

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

Таны бодлоор хайр юунаас эхэлдэг вэ. Миний бодлоор хайр өрөвч, нинжин сэтгэлээс эхлэлтэй. Ер нь бол амьтныг хайрлаж эхэлсэн тэр үеэс ч гэхэд болно. Амьтанд дургүй хүмүүсийн нүдээр нэг харах юмсан даа гэсэн бодол эргэлдэх юм. Том ч бай, жижиг ч бай тэд миний нүдэнд асар их сэтгэлийн хаттай мэт харагддаг. Амьтдын үр зулзагыг аваад л явна, хүнтэй адил хөх нь чинэрч, шөнө болохоор зулзагаа хайж эргэлдэнэ. Амьтад зулзагаа хаядаггүй. Тэдэнд тийм хэмжээний хатуу сэтгэл байдаггүй. Хоолгүй, гэр оронгүй хэдий ч зулзганууддаа идэх зүйл олж ирэхээр гадуур тэнүүчлэн яваа гэж хүмүүс бодолгүй хөөдөг, зоддог.

Хүнээс л үрээ хаяад явах хатуу сэтгэл гарч чаддаг. Хөхөөрөө дарж алсан үрээ сэглэж суух санаа хүнээс л гарсан. Мууранд бүх бурууг өгч, олон муур гудамжинд гарч, хайр хүсэж өдөр хоногуудыг хүйтэн газарт эзэнтэйгээ байсан дурсамжаа зүүдлэн хоноглож байгаа нь тун өрөвдмөөр. Тэд хатуу үгс хэлж зүрхийг минь зүсдэггүй. Баяр гунигтай, ганцаардсан, муухай царайлсан ямар ч нөхцөлд хаяж явдаггүй. Намайг голдоггүй, гомдоодоггүй, үзэн яддаггүй, шүүмжилдэггүй.

Бас атаархдаггүй, муухай зүйл санадаггүй. Эдгээр зан чанар бүрдсэн “хүнтэй” 21 жил амьдрахдаа таараагүй л явна даа.  Амьтдын хүсэл ердөө л амархан. Энэ бол хайр. Дэлхий дээр зөвхөн хүн төрөлхтөн амьдрах гэж бүтээгдээгүй. Амьтай болгон их бага гэлтгүй хайр, халамж зовлон зүдгүүрийг мэдэрдэг. Тийм болохоор бяцхан зүрхэнд нь гуниг бүү хураасай гэж бодоод амьтдыг тэжээж, тэднийг чин сэтгэлээсээ хайрладаг. Амьдралд минь эерэг зүйлсийг бэлэглэдэг учраас амьтдыг хайрласаар байх болно.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top