Япон, АНУ “2+2” эдийн засгийн яриа хэлэлцээ байгуулна

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 21

Япон, АНУ-ын засгийн газрууд эдийн засаг, гадаад бодлогын сайд нарын оролцоо бүхий “2+2” форматын яриа хэлэлцээ байгуулна гэж Киодо агентлаг мэдээлжээ.

Яриа хэлэлцээний гол сэдвүүдийн нэг нь Хятадын эдийн засгийн салбарын бодлогод хариу үйлдэл үзүүлэх асуудал байх болно гэж “Yomiuri” сонин онцолсон байна. Тус сонины мэдээллээр, Ази, Номхон далайн бүсэд идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй Хятадын компаниудыг сөрөхөд чиглэсэн хамтарсан хөрөнгө оруулалтын санаачилгуудын хэлэлцэх аж. Ийм арга хэмжээ нь БНХАУ-д шинэ технологи алдагдахаас хамгаална гэж үзэж байна.

Албан ёсны шийдвэрийн талаар талууд Японы Ерөнхий сайд Фүмио Кишида, АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден нарын хэлэлцээний дараа зарлах хүлээлттэй байна.

Токио, Вашингтон гадаад харилцаа, батлан хамгаалах сайд нарын оролцоо бүхий “2+2” механизмын хүрээнд хамтран ажиллаж байна. Шинэ хувилбар нь олон улсын хөрөнгө оруулалт, эдийн засгийн аюулгүй байдлын салбар дахь нэгдсэн бодлого боловсруулахад чиглэх гэнэ. Үүнд Японы талаас Гадаад хэргийн сайд, Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд оролцох бол АНУ-ын талаас Төрийн нарийн бичгийн дарга болон Худалдааны сайд нь оролцоно. Эхний уулзалтыг энэ ондоо багтаан хийхээр төлөвлөжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top