Зам тээврийн хөгжлийн яамнаас өнөөдөр /2022.01.25/ Замын-Үүдийн боомтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. Энэ үеэр бараа бүтээгдэхүүний тээврийн үнийн талаар асуудлыг хөндлөө.
Ж.БАТ-ЭРДЭНЭ: ТӨРӨӨС ТЭЭВЭРТ 8 ТЭРБУМ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖ, АЧАА ТЭЭВРИЙН ҮНИЙГ ӨСГӨХГҮЙ БАЙХ АРГА ХЭМЖЭЭГ АВЧ БАЙНА
Зам тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ "Хятад болон Монголын талууд хоёр талдаа нээлттэй платформ байгуулах замаар бараа бүтээгдэхүүний тээврийн үнэ өртгийг шийдэх талаар ярилцаж байгаа. Тодруулбал, нээлттэй платформд бүртгэгдсэн карго тээврийн ачаа зөөгчид л цаашдаа хамтарч ажиллана гэсэн үг. Бүртгэлтэй тээвэрлэлтийн компаниар бараагаа татуулснаар тээврийн үнэ хаана, хэрхэн өсөж байгаа нь ил тод болох юм.
Засгийн газраас барааны үнийг өсгөхгүй байх бүх талын арга хэмжээг авч ажиллаж байна. Хоёр улсын дундын бүс дэх Тэг цэгээс "Бүс нутгийн ложистикийн төв" хүртэлх тээвэрлэлтийг халдвар хамгааллын дэглэм, тусгаарлалтын зардал, жолоочийн зардал, тээвэрлэлтэд оролцож байгаа бүх хүмүүсийн зардлыг төр нуруун дээрээ авч байна. Хэрэв эдгээр зардлыг тухайн захиалагч, бизнес эрхлэгчээр төлүүлбэл бараа материалын үнэ өсөх байсан.
Чингэлэг тээврээр орж ирж байгаа бараан дээр барааны үнийг өсгөхгүй байх нөхцөлийг засгийн газар бүрдүүлж байна.
Хилийн боомтоор ачаа тээвэр оруулж ирэх ажилд төрөөс 8 тэрбум төгрөг гаргаж ажиллаж байгаа. Энэ найм орчим тэрбум төгрөгийн зардлын өсөлт бараанд шингээгүй гэсэн үг.
Одоогоор хилийн цаана гацсан 985 чингэлгээс 767 чингэлгийг татсан. Өдөрт 50-70 чингэлэг хүлээж авч байна." гэлээ.
Ц.МӨНХБААТАР: ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮНЭ ӨНДӨР БАЙГАА ҮЕД ЖИЖИГЛЭНГИЙН БАРААНЫ ҮНЭ БУУРАХАД ХЭЦҮҮ
Шадар сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ц.Мөнхбаатар "Эрээнээс тэг цэг рүү ирж байгаа тал, тэг цэгээс Замын-Үүд рүү ирж байгаа тал гээд тээвэрлэлтийн өртгийг тогтоох хоёр хүчин зүйл байгаа. Эрээнээс тэг цэг рүү ачаа тээвэрлэх зардал өндөр байгаа. Цар тахлын нөхцөл байдалд байгаа учраас энгийн үеэс үнэ нь өснө гэдэг нь ойлгомжтой.
Бид Хятадын түншүүдтэй холбогдсон. Хятадын тээвэр зуучийн компаниуд ачаагаа түрүүлж татахын тулд хоорондоо тохиролцож, тээвэрлэлтийн үнийг хөөргөсөн асуудал гарсан. Тиймээс Хятадын талд нээлттэй платформ байгуулж, сонгон шалгаруулалтыг цахимаар хийж байна. Хятадын талаас хамтарч ажиллах тээвэр зуучийн 40 аж ахуй нэгжийг сонгоод эхэлсэн байна.
Монгол Улсын Шадар сайдын зүгээс болоод ажлын хэсгийн зүгээс байнгын санал тавьсны үндсэн дээр Хятадын тал бараа бүтээгдэхүүний тээвэрлэлтийн үнэд хяналт тавьж, үндэслэлгүй үнэ нэмсэн, хөөрөгдсөн байдлаа засаж, залруулахаар ажиллаж байгаа юм байна.
Одоогийн байдлаар лангуун дээрх барааны үнэ өндөр байгаа. Задгай тээвэрлэлт хийдэг байхад тээвэрлэлтийн үнэ 600-700 юань байсан бол одоо 1600-1800 юань болж өссөн байна. Хятадын талын гаалийн хөлс, тээврийн зардал гэх мэтийг шингээхэд мэдээж энгийн үеэсээ өндөр байгаа. Гэхдээ ажлын хэсэг тээвэрлэлтийн үнийг бууруулах бүхий л арга хэмжээг урд хөрштэй ярьж, хэрэгжүүлж байгаа гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй. Тээвэрлэлтийн үнэ өндөр байгаа үед жижиглэнгийн барааны үнэ нүдэнд харагдаж, гарт баригдахуйц хэмжээгээр буурахад хэцүү.
Ачаа тээврийн вагон хил хооронд яваад эхэлбэл барааны үнэ буурах болно. Барилгын материалын том оврын бүтээгдэхүүнийг одоогоор татаж авч чадаагүй байгаа.
Өчигдрийн ажлын хэсгийн хуралдаанаар шадар сайд дулааны улирал эхэлж, барилга барих үеэс өмнө вагоноор том оврын барилгын материал татаж авахаар Хятадын талтай ярилцаж байна" гэсэн юм.
ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 0 )