Ханш “хөдөлж”, төгрөг ам.долларын эсрэг 8 төгрөгөөр СУЛАРЛАА

2022 оны 02 сарын 17

- Бүтэн жил тогтвортой байсан ханш “хөдөлж”, төгрөг ам.долларын эсрэг 8 төгрөгөөр СУЛАРЛАА -

Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш энэ сарын 16-ны өдрийн байдлаар  2,857.50 төгрөг байна. Өнгөрсөн 2021 оны туршид төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2849 төгрөгт тогтвортой байсан байсан бол энэ оны  нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл төгрөг ам.долларын эсрэг суларсан үзүүлэлттэй байна.

 

2021 оны ханшийн үзүүлэлтийг сануулахад

 

  • 2021 оны 1 дүгээр сарын 1-ны өдрийн хаалтын ханш -  2,849.89 төгрөг
  • 2021 оны 6 дугаар сарын 1-ны өдрийн хаалтын ханш - 2,849.25 төгрөг
  • 2021 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн хаалтын ханш - 2,849.34 төгрөг байсан.

 

ТАЙЛБАР: Төгрөгийн ам.доллартой харьцах ханшийн өөрчлөлт, жилийн өсөлт %



Оны эцэст төгрөгийн ам.доллартой харьцах ханш  2,849.34 төгрөгт хүрсэн нь өмнөх сарын эцсээс 0.005 хувиар суларч, өмнөх оны мөн үеэс 0.02 хувиар чангарсан үзүүлэлт болж байв.

Түүнчлэн 2022 оны 1 дүгээр сарын ханшийг харахад,

 

  • 2022 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн хаалтын ханш - 2,849.87 төгрөг
  • 2022 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хаалтын ханш -  2,849.23 төгрөг
  • 2022 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн хаалтын ханш -  2,849.50 төгрөг байсан.

 

Харин 2022 оны 1 дүгээр сарын 31-ний  өдрийн хаалтын ханш  2,850.26 төгрөг болсон юм. Улмаар 2 дугаар сарын 1-ны өдрийн хаалтын ханш 2,850.80 төгрөг болж нэмэгдсэн. Үүнээс хойш ханш өдөр тутам өсөлттэй байна.

 

  • 2022 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн хаалтын ханш -  2,851.65 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хаалтын ханш -  2,852.77 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 10-ны өдрийн хаалтын ханш - 2,853.36 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн хаалтын ханш - 2,853.89 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 14-ны өдрийн хаалтын ханш -  2,854.53 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн хаалтын ханш - 2,855.07 төгрөг
  • 2022 оны 2 дугаар сарын 16-ны өдрийн хаалтын ханш - 2,857.50 төгрөг болж өсөөд байна.

 

Тэгэхээр нэгдүгээр сарын 30-наас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд төгрөг ам.долларын эсрэг 8 төгрөгөөр суларсан үзүүлэлттэй байна.

Төгрөг ийнхүү суларсан өдрүүдэд Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад хэчнээн ам.долларын нийлүүлэлт хийснийг авч үзье.

Гадаад валютын дуудлага худалдаа нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох арга хэрэгсэл гэж тайлбарладаг.

 

  • 2022 оны 2 дугаар сарын 1. Монголбанк 76.8 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн
  • 2022 оны 2 дугаар сарын 8. Монголбанк 70.4 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн.
  • 2022 оны 2 дугаар сарын 10. Монголбанк 68.4 сая ам.долларыг ялгаатай ханшаар нийлүүлсэн.
  • 2022 оны 2 дугаар сарын 15. Монголбанк 65.0 сая ам.долларыг валют арилжааны цахим талбарт 2854.53 төгрөгийн  ханшаар нийлүүлсэн.

 

Тэгэхээр энэ сарын 1-15-ны өдрийн хооронд нийт 280.6 сая ам.доллар зах зээлд нийлүүлсэн ч, төгрөгийн ханшийн сулралт өдөр тутам давтагджээ.

Дашрамд тодотгоход, манайд  валютын ханшийн урт хугацааны тодорхойлогч хүчин зүйлс нь, Хүүний түвшний зөрүү болон хөрөнгийн урсгал, Худалдааны нөхцөл, түүхий эдийн үнүүд, Гадаад худалдаа, Үнэ болон инфляц гэж эдийн засагч Д.Ган-Очир тодотгож байна.

Ханшийн богино хугацааны хөдөлгөөнийг тодорхойлогчдын талаар Д.Ган-Очир эдийн засагч хэлэхдээ,

"Богино хугацааны эсвэл өдөр бүрийн төгрөгийн ханшийн  өөрчлөлт нь эрсдэлийн талаарх хүлээлтэд гарах өөрчлөлт, спекуляц зэрэг олон хүчин зүйлсээс хамаардаг.

Төгрөгийн үнэ нь бусад санхүүгийн зах зээлүүд дэх өөрчлөлт, "эрсдэлийн талаарх хүлээлт" (энэ нь хөрөнгө оруулагчид хэр их эрсдэлд ороход бэлэн байгааг харуулна)-ийн өөрчлөлттэй шууд холбогддог. Жишээ нь, хөрөнгө оруулагчид эдийн засгийн хэтийн төлөв өмнөхөөсөө илүү эерэг байна гэж үзвэл, тэд илүү их эрсдэл хүлээхэд бэлэн байна. Ихэнхдээ энэ нь төгрөгийн эрэлт нэмэгдэх үетэй (түүхий эдийн үнэ өсөх, экспортын эрэлт нэмэгдэх гэх мэт) цаг хугацааны хувьд давхцдаг. Бусад санхүүгийн зах зээл дэх хөрөнгө оруулагчид глобал хөрөнгийн зах зээл дэх эрсдэлийн өөрчлөлтөд ижил төстэй байдлаар хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь төгрөгийн ханшийн хөдөлгөөн глобал хөрөнгийн зах зээл дээрх цаг хугацааны ялгаатай үеүүдэд ажиглагдсан хөдөлгөөнтэй адил богино хугацаанд өөрчлөгдөх боломжтой гэсэн үг юм. Глобал хөрөнгийн зах зээл дээрх үнэ өсөхөд төгрөгийн ханш чангарч, хөрөнгийн зах зээл дээрх үнэ буурах үед ханш сулрах боломжтой. Гэхдээ Монголын хувьд глобал хөрөнгийн зах зээлтэй холбогдох байдал сул тул энэ төрлийн хамаарал сул гэж хэлж болно.

Валютын зах зээл төлөвшихийн хэрээр төв банкуудын гадаад валютын зах зээл дэх интервенц хийх хандлага өөрчлөгддөг.
 

Хөвөгч ханштай хэдий ч Монголбанк нь валютын зах зээлд интервенц хийдэг хэвээр байна.

Хэрэв зах зээл эмх замбараагүй болж, үйл ажиллагаа доголдох (Зах зээл дээр нийлүүлэлтгүй болж хомсдол үүсэх гэх мэт) эсвэл төгрөгийн ханш Монголын эдийн засгийн суурь үзүүлэлтээр тодорхойлогдох үнэ цэн (Тэнцвэрт валютын ханш)-ээс эрс гажих буюу огцох хэлбэлзэхээр бол интервенц хийх шийдвэр гаргадаг.

Монголбанкны валютын зах зээл дээрх хөндлөнгийн оролцоо цаг хугацааны туршид ялгаатай байсаар ирсэн. Жишээ нь, 2010-2012 оны хооронд валютын орох урсгал өндөр байх үед төгрөг нийлүүлж, гадаад валют худалдаж авах байдлаар валютын захад интервенц хийсэн. Энэ нь төгрөгийн ханш суурь үзүүлэлтүүдтэй нийцгүйгээр хэт чангарахаас сэргийлсэн арга хэмжээ юм.

Эрэлт, нийлүүлэлтийн огцом өөрчлөлтөөс шалтгаалж валютын зах зээл "нэг талын" болсноор (Хэт эрэлт бий болох эсвэл хэт нийлүүлэлт бий болох) тус зах зээлийн үйл ажиллагааны доголдол үүсэж болно. Нэг талын зах зээл гэдэг нь худалдагчдын тоо нь төгрөгийг худалдан авагчдаас тооноос хол давсан, эсвэл эсрэгээрээ байх нөхцөл байдлыг хэлнэ. Энэ орчинд төгрөгийн ханш хэлбэлзэхэд хүргэж, маш богино хугацаанд их хэмжээгээр чангарах эсвэл сулрахад хүргэнэ. Жишээ нь, төгрөгийг худалдагч тал нь тохиролцсон үнээр худалдан авагч олоход хүндрэлтэй байснаас гадаад валютын зах зээл дэх төгрөгийн нийлүүлэлт огцом өснө. Энэ тохиолдолд төгрөгийн  ханш богино хугацаанд их хэмжээгээр суларч болзошгүй.

Монголбанкны гадаад валютын интервенц нь зах зээлийн “нэг талыг” барьсан байдлыг тэнцвэржүүлэх замаар хэлбэлзлийг бууруулж, зах зээлийн үйл ажиллагааг хэвийн болгоход тусална.

Монголбанк нь валютын зах зээл дэх эрэлт, нийлүүлэлтэд нөлөөлөхийн тулд ихэвчлэн төгрөгийг ам.долларын оронд худалдаж авдаг эсвэл худалддаг. Энэ зорилгод нийцтэй байдаар Монголбанк нь гадаад валютын нөөцийн багцаа удирддаг” гэсэн мэдээллийг өгч байна.

Сануулахад, Хэрэглэгчийн итгэлийн индекс судалгааны 2021 оны 4 дүгээр улирлын дүнгээс харахад, хэрэглэгчид ирэх 6 сарын хугацаанд төгрөгийн ам.доллартай харьцах ханшийг 2945 төгрөг байна гэсэн хүлээлт давамгайлж  байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(139.5.216.254) 2022 оны 02 сарын 17

Tugrug ulam l sularna. Tigruguu dollart shi\nShiljuuleh ni ziv shuu. Manai erh medeltnuud yamar oligtoi yum hiij chadah bish. Bugd l huivaldaan. Mongol bank odoo tugruguus tatgalzaad dollariin hudaldaag chuluuteu hiilgehheregtei. Tugrugiinhuu hanshiig barij chadahgui baij dollariin hudaldaag horij ard irgedee hohiroogood hereggui sh tee

0  |  0
М(66.181.189.66) 2022 оны 02 сарын 17

УДАХГҮЙ $1=T5000 БОЛНО. МАРГАХ ЮМ ҮГҮЙ. ИНГЭЭД МОНГОЛ ГАДААД ӨРӨӨ ТӨЛЖ ЧАДАХГҮЙ ДАМПУУРНА. ХҮМҮҮС ӨРХ ХУВИЙН БИЗНЕСЭЭ ДАМПУУРДААС АРАЙ ЗӨӨЛРҮҮЛЖ ЭРСДЛИЙГ АРАЙ БАГСГАХ ЫН УЛД ТӨГРӨГӨӨ ДОЛЛАРТ ХУРДАН ШИЛЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ

0  |  0
Зочин(202.9.46.148) 2022 оны 02 сарын 17

Монгол төгрөг ам. доларын эсрэг 8 байтугай 80 төгрөгөөр суларна.

0  |  0
Top