ТӨСӨВ | 13.9 их наядыг төвлөрүүлэх татварын орлого НЭГДҮГЭЭР САРД

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 02 сарын 21

Энэ оны улсын төсвийн орлогыг 15.8 их наяд төгрөг байхаар УИХ-аас хуульчлан баталсан билээ. Үүний 88.4 хувь буюу 13.9 их наяд төгрөг татвараар, 11.6 хувь буюу 1.8 их наяд төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр тусгасан.

Тэгвэл энэ оны нэгдүгээр сард төсвийн орлого бүрдэлт ямар байгаад анхаарал хандуулъя.

Үндэсний статистикийн хорооны мэдээллээр, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 2022 оны  нэгдүгээр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1 их наяд төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 301.5 тэрбум төгрөг буюу 42.4 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 946.4 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 280.4 тэрбум төгрөг буюу 42.1 хувиар өссөн үзүүлэлт болж байна.

Төсвийн орлогод татварын орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 3.9 нэгж хувь, тогтворжуулалтын сангийн орлогын эзлэх хувь 3.5 нэгж хувиар өсөж, татварын бус орлого 4.1 нэгж хувь, ирээдүйн өв сангийн орлого 3.3 нэгж хувиар буурчээ.

Татварын нийт орлого өнгөрсөн сарын урьдчилсан гүйцэтгэлээр 900.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 295.7 тэрбум төгрөг буюу  48.9 хувиар өсөхөд, бусад татвар, төлбөр, хураамжийн орлого 154.9  тэрбум төгрөг, нийгмийн даатгалын орлого 73.5  тэрбум төгрөг, нэмэгдсэн өртгийн албан татвар 40.2 тэрбум төгрөг, гадаад үйл ажиллагааны орлого 16.3 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.

Татварын нийт орлогод бусад татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 13.5 нэгж хувь, нийгмийн даатгалын орлого 1.5 нэгж хувиар тус тус өсөж, харин орлогын албан татварын эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 6.8 нэгж хувь, нэмэгдсэн өртгийн албан татварынх 4.7 нэгж хувь, онцгой албан татварынх 1.9 нэгж хувь, гадаад үйл ажиллагааны орлогынх 1.5 нэгж хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

 

УЛСЫН НЭГДСЭН ТӨСВИЙН ТАТВАРЫН ОРЛОГЫН БҮТЭЦ, дүнд эзлэх хувь



 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top