Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш өнөөдрийн байдлаар 2,858.16 төгрөг байна. Харин арилжааны банкуудын мөрдөж буй ханшийг харахад, төгрөгийн сулралтын хувь илүү өндөр байгаа юм.
Тухайлбал, Хаан банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк 1 ам.долларыг 2863 төгрөгөөр худалдаж байгаа бол Хас банк 2864 төгрөгөөр, Төрийн банк, Богд банк 2869 төгрөгөөр арилжаалж байна.
Сануулахад, өнгөрсөн 2021 оны турш буюу бүтэн жил тогтвортой байсан ханш “хөдөлж”, ам.доллар төгрөгийн эсрэг чангарч эхэлсэн талаар энэ сарын 17-нд Zindaa.mn сайт мэдээлсэн билээ.
2021 онд төгрөгийн ам.доллартай харьцах албан ханш 2849 төгрөгт тогтвортой байсан байсан бол энэ оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл ам.доллар төгрөгийн эсрэг чангарсан үзүүлэлттэй байна.
Өнгөрсөн оны эцэст төгрөгийн ам.доллартой харьцах ханш 2,849.34 төгрөгт хүрсэн нь өмнөх сарын эцсээс 0.005 хувиар суларч, өмнөх оны мөн үеэс 0.02 хувиар чангарсан үзүүлэлт болж байв. Түүнчлэн 2022 оны 1 дүгээр сарын ханшийг харахад,
Харин 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн хаалтын ханш 2,850.26 төгрөг болсон юм. Улмаар 2 дугаар сарын 1-ны өдрийн хаалтын ханш 2,850.80 төгрөг болж нэмэгдсэн. Үүнээс хойш ханш өдөр тутам өсөлттэй байна.
Төгрөг ийнхүү суларч буйтай зэрэгцэн Монголбанк гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудад ам.долларын нийлүүлэлт долоо хоног бүр хийж байна.
Тухайлбал, өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар Монголбанк банкуудаас ирүүлсэн саналыг 100% биелүүлж 126 сая ам.долларыг 2858.36 төгрөгийн ханшаар нийлүүлжээ.
Сануулахад, Монголбанк энэ сарын 1-15-ны өдрийн хооронд явагдсан 4 удаагийн дуудлага худалдаагаар зах зээлд нийт 280.6 сая ам.доллар нийлүүлж байсан.
Харин энэ сарын 17-ны өдөр 92.9 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн бол өнөөдөр ийнхүү 126 сая ам.доллар нийлүүллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Эдийн засагчдын хэлж байгаагаар бол 1 ам доллар 3000 төгрөгтэй тэнцэх нь цаг хугацааны асуудал болсон гэв. Энэ бол бодит байдалд нийцсэн таамаглал байна.