Зургаан жилийн өмнөх шалгалт буюу Дүгнэлт нь нууцын зэрэглэлд орсон ЗӨРЧЛҮҮД

2022 оны 03 сарын 03

Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх үүрэг хүлээж  буй Хөгжлийн банкны үйл ажиллагааг эрүүлжүүлэхийн тулд чанаргүй болон чанаргүйдэх эрсдэлд орсон зээлүүдийн эздийг олон нийтэд ил болгоод сар гаруйн хугацаа өнгөрч байна.

Шинэ төслүүдийг хэрэгжүүлэх яриа улс төрийн түвшинд өндөр авсантай зэрэгцэн, Хөгжлийн банктай холбоотой  шийдвэрүүд ч засгаас гарч байгаа юм. Тухайлбал, Засгийн газар өчигдрийн хуралдаанаараа Хөгжлийн банкны асуудлыг хэлэлцээд, Хөгжлийн банкнаас зээл авсан төрийн өмчит компаниудын зээлийг богино хугацаанд эргэн төлүүлэхэд холбогдох яамд, сайд нар анхаарч ажиллах үүргийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгчээ.

Хөгжлийн банкнаас зарласан 66 зээлдэгчид олгосон 75 зээлийн мэдээллээс үзэхэд Төрийн өмчит компаниудын авсан дараах зээлүүд байгаа юм.

 

Хэвийн зээлдэгчдийн жагсаалтад:

 

  • “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХК-ийн 158.7 тэрбум төгрөгийн зээл
  • “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн 44.2 сая юанийн зээл

 

 

Анхаарал хандуулах зээлдэгчийн жагсаалтад:

 

  • ДЦС-4 ТӨХК-ийн 75 сая еврогийн зээл
  • “Эрдэнэс Монгол” компанийн 141.3 тэрбум төгрөгийн зээл
  • Эрчим хүчний яамны 14.8 сая ам.долларын зээл
  • “Зорчигч тээвэр 3” ОНӨААТҮГ-ын 21 тэрбум төгрөгийн зээл

 

Шүүхэд нэхэмжлэл гаргасан зээлийн жагсаалтад:

 

  • "Төрийн орон сууцны корпораци - Шинэ яармаг"-ийн 29.1 сая ам.долларын зээл
  • "Төрийн орон сууцны корпораци – Хөдөлгөөнт" – 19.2 тэрбум төгрөгийн зээл

 

Газар дээрх дотоод шалгалтын дараа шүүхэд нэхэмжлэх гаргах эсэхийг шийдвэрлэх зээлийн жагсаалтад:

 

  • Төрийн орон сууцны корпораци -БУ2 – 73.5 тэрбум төгрөгийн зээл
  • Төрийн орон сууцны корпораци –БУ1 – 69.1 тэрбум төгрөгийн зээл
  • Эгийн голын усан цахилгаан станц -10.5 сая ам.долларын зээл

 

Тодотгоход, энэ сарын 7-ны өдөр УИХ-ыг дарга Г.Занданшатарын санаачилгаар Хөгжлийн банктай холбоотой хэлэлцүүлэг Төрийн ордонд болох юм.

Мөн Хөгжлийн банктай холбоотой олон үйл явдал өрнөж буй бөгөөд УИХ-ын гишүүн Б.Энхбаяр тус банканд 2016 онд хийгдсэн хяналт, шалгалтын хүрээнд Засгийн газрын Ажлын хэсгээс гаргаж байсан дүгнэлтийг төрийн болон албаны нууцаас гаргуулах саналыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлээд байна.

 

Б.Энхбаяр гишүүн ХЗДХ-ийн дэд сайд байх үед Хөгжлийн банкинд хийсэн шалгалтаар ямар зөрчлүүд илэрч байсныг эргэн сануулъя.

 

 

  • “Шинэ төмөр зам” төслийн хуулийн зөвлөх үйлчилгээнд 3.2 сая ам доллар, техникийн зөвлөх үйлчилгээнд 3.0 сая ам доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 1.6 сая ам доллар, ХААН банкны зээл, хүүгийн төлбөрт 6.5 сая ам доллар гаргасан. “Монголын төмөр зам” ТӨХК-ийн энэ төслийн нэгжийн санхүүжилт сард дунджаар 120 сая  төгрөг, зээлийн зориулалтад нийцэхгүй гадаад улсад оюутан сургасан гээд 112.6 сая төгрөгийн зардал гаргасан.

 

  • Гудамж төслийн хүрээнд зарим ажлууд авто замын барилгын ажлын зураг төсөл хийгдэж дууссаны дараа барилга байгууламжийн зураг төсөлд магадлал хийх экспертийн дүгнэлтийг аваагүй буюу төсөвт өртгийг баталгаажуулахгүйгээр гүйцэтгэх ажлыг эхлүүлсэн. Төсөвт өртөг үндэслэлгүйгээр өссөн.

 

  • Хөрөнгө оруулалтын зардлаа тухайн санхүүжүүлсэн төслийн орлогоос нөхөх байтал Засгийн газрын шийдвэрээр төрийн өмчид уг төслөөр бий болсон дэд бүтцийг худалдан авсан. Төсөл хэрэгжүүлсэн компанид бий болсон эрсдэлийг төр худалдан авах замаар өөрт шилжүүлэн авсан. Тухайлбал, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлд Говийн зам ХХК-ийн барьсан авто замыг Эрдэнэс МГЛ ХХК-ийн мэдэлд шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Векселийн хугацаа дуусах үед төлбөрийг хугацаанд нь төлөхгүй байснаас 1.9 тэрбум төгрөгийн алданги хүлээсэн.

 

  • Тавантолгойн цахилгаан станц төслийн техникийн зөвлөх үйлчилгээнд 935 мянган.доллар, санхүүгийн зөвлөх үйлчилгээнд 729 мянган ам.доллар, хуулийн зөвлөх үйлчилгээнд 1 сая 414 мянган ам.доллар гэх зэргээр өндөр дүнтэй, 2013-2015 оны үйл ажиллагаанд төлөвлөсөн төсвөөс хэт өндөр зардлууд гаргасан.

 

  • Амгалан дулааны станцын төсөлд Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орох хүртэл хугацаанд 3 удаагийн гэрээгээр 45.54 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгосон.

 

  • Төсвөөс эргэн төлөгдөх “Эгийн голын усан цахилгаан станц” төслийн үйл ажиллагааны зардлыг хэтрүүлсэн. Зөвхөн цалингийн зардлад 1,484,800 мянган төгрөгийг давхар тооцон санхүүжүүлсэн.

 

  • Шинэ Яармаг орон сууцны хорооллын санхүүжилтийг Засгийн газар, Улсын Их Хурлын тогтоолгүй гаргасан.Хөгжлийн банкны Зээлийн хорооны хурлаар “Монроуд” ХХК-тай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г анх 440,0 сая төгрөгөөр байгуулсан боловч гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан дүнг 1,895,550,885 төгрөг болгон нэмэгдүүлсэн. Гэрээг нэмэгдүүлэх болсон шалтгаан, тооцоолол байхгүй гэхчлэн анхаарал татсан асуудлуудын талаар тухайн үед  мэдээлэл өгч байсан юм.

 

2016 онд Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дараа Ажлын хэсгийн зүгээс өгч байсан мэдээллийн агуулгыг дараах инфографикуудаас харж болно.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(103.212.119.169) 2022 оны 03 сарын 03

төрийн нууц гээд л идээд байх шив дээ. Монгол төрийн нууц ч дээ

0  |  0
Зочин(202.21.108.213) 2022 оны 03 сарын 03

МАН-ын тавьж байгаа жүжиг сүүлдээ бүр давсгүй хоол шиг болчлоо шүү

0  |  0
Зочин(202.21.108.213) 2022 оны 03 сарын 03

Төрийн нууцад байгаа гэснээ зарлаад наасан. Өөрөө төрийн нууцын тухай хууль зөрчөөд байх шиг

0  |  0
Уншигч (192.82.75.143) 2022 оны 03 сарын 03

Эгийн голын УЦС гэж хий дэмий мөнгө үрсэн Д.Одхүүд хариуцлага тооцооч

0  |  0
иргэн(64.119.27.69) 2022 оны 03 сарын 03

Шалгалт хийгээд гарсан үр дүнг хэн нууцалж, хэдий хэмжээний хохиролыг нуун дарагдуулж байсан бэ гэдэг нь бас ноцтой асуудал байна. Үүнийг ил тод болгож, энэ зөвлөх үйлчилгээний хэрээс хэтэрсэн зардал хэнтэй холбоотойг нийтэд ил тод баримтаар гаргаж мэдээлэх хэрэгтэй.

0  |  0
Зориг(202.131.234.82) 2022 оны 03 сарын 03

Ёстой л төрийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг хуссан байна даа.Зөвхөн зөвлөх үйлчилгээний нэрээр хэдэн арван сая доллар. дэндүү байна аа

0  |  0
Иргэн(202.9.46.224) 2022 оны 03 сарын 03

Гамшиг

0  |  0
Top