Т.Мөнхзул: Менингококктоор ТАВААС ДООШ НАСНЫХАН өвдөх магадлал өндөр

Автор | Zindaa.mn
2022 оны 03 сарын 10

Бага насны хүүхдүүдийн дунд менингококкт халдвар бүртгэгдэж байгаа тул эцэг, эхчүүд та бүхэн халдвараас урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байхыг ЭМЯ-наас анхааруулж байна.
 


ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эмч Т.Мөнхзул менингококкт халдвар тархсантай холбоотойгоор дараах зөвлөгөөг хүргэж байна. 


ИХ ЭМЧ Т.МӨНХЗУЛ: ХҮНД ЯВЦТАЙ ҮЕД 12 ЦАГИЙН ДОТОР ЦУСАРХАГ ТУУРАЛТ ХӨЛ, ГУЯНААС ЭХЛЭН ГАРНА
 

Менингококкт халдвар бол энгийн хордлогын шинжээр илрээд, арьсан дээр өвөрмөц тууралт гардаг.

Нянгийн гаралтай амьсгалын замын хурц халдварт өвчин юм. Менингококкт халдвараар өвдсөн, хамар залгиурын үрэвсэлтэй болон нян тээгчид халдварыг дамжуулдаг.

Халдвараар бага насны хүүхдүүд өвдөх боловч таваас доош насны хүүхдүүд ихэвчлэн өвчилж байна. Өвчин илрэх нууц хугацаа хэдэн цагаас эхлээд 20 хоног, дундаж хугацаа 6-7 хоног байдаг.
 

Халдвар авсан тохиолдолд өндөр халуурч, шалтгаан тодорхойгүй өндөр халуурна. Хоолонд дургүй болох, бөөлжих, унжийх, ноомой болох эсвэл хэт мэдрэмтгий цочромтгой болох, арьс нь цонхийж цайх шинж тэмдэг давамгай илэрч байгаад 1-2 хоногийн дараа үндсэн шинж тэмдэг болох цусархаг тууралт гардаг.

Хүнд явцтай үед бол 12 цагийн дотор цусархаг тууралт хөл, гуянаас эхлэн гарна.

Нэн хүнд үед 4-6 цагийн дотор нүүр, нуруу, цээж, хөл, гуяны хэсгээр цусархаг тууралт гарч, хүндэрдэг аюулт өвчин юм. Иймээс  шалтгаан тодорхойгүй өндөр халуурсан бага насны хүүхэд байх юм бол яаралтай харьяа дүүргийн хүүхдийн эмнэлэг, өрхийн эмнэлэгт хандах ёстой.

Дахин тууралт гарах гээд байвал эмнэлгийн байгууллагад яаралтай хандах ёстой. Халдварын голомт болсон айл өрхийн гишүүдэд антибиотик эмчилгээ хийх, вакцинжуулах ажлыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч ажилчид хийдэг.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top