Менингококкт халдварын дэгдэлтийн үе эхэлсэнтэй холбоотой хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг 2019 оны хоёрдугаар сарын 01-нээс гуравдугаар сарын 01-нийг хүртэлх хугацаанд түр зогсоогоод байгаа. 2019 оны эхний хоёр сарын байдлаар менингококкт халдвараар 1-4 насны хүүхэд өвчилсөн долоон тохиолдол бүртгэгдээд байна. Өвчлөлийн тохиолдлуудад шуурхай арга хэмжээ авч, голомтын хариу арга хэмжээг 24 цагийн дотор зохион байгуулан ажиллаж байгааг албаныхан хэллээ.
Халдварт өвчин судлал үндэсний төвийн мэдээлснээр Улаанбаатар, Хөвсгөл, Өвөрхангай, Увс зэрэг аймагт менингококкт халдварын нийт долоон тохиолдол бүртгэгдсэн ба зарим хэвлэлд мэдээлж байгаачлан нас барсан тохиолдол гараагүй аж.
Менингококкт халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс сайн дурын дархлаажуулалтыг Халдварт өвчин судлалын үндэсний төв /ХӨСҮТ/-д ажлын 5 өдөр 8:30-14:30 цагийн хооронд хийж байна.
Монголд хэрэглэж буй менингококкийн вакциныг Энэтхэг улсад үйлдвэрлэсэн бөгөөд нэг тун нь 3 жилийн хугацаанд өвчний эсрэг дархлаа тогтоодог аж. Вакцин хийснээс хойш 10-14 хоногийн дотор дархлаа тогтоно гэдгийг мэргэжилтнүүд анхааруулж буй.
Дашрамд хэлэхэд, менингококкт халдвар амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин болохыг онцгой анхаарах нь чухал.
Сэтгэгдэл ( 1 )
мэдээлэлдээ буруу зураг тавьсан байна, ингэж иргэдийг төөрөлдүүлж болохгүй