Н.Ганболд: “Сод Монгол"-ыг тухайлан шалгасан зүйл байхгүй

Б.Гантуяа | Zindaa.mn
2022 оны 03 сарын 17

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд тус газраас хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн ангилалд шилжсэн 73 аж ахуйн нэгжийн нэрийг нээлттэй зарласан. Энэхүү аж ахуйн нэгжүүдийн дунд “Сод Монгол групп” ХХК багтсан бөгөөд зээлийн зориулалт, эргэн төлөлтийн талаар тус компанийн захирал Н.Ганболдтой ярилцлаа.


-Авлигатай тэмцэх газраас Монгол Улсын Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч нарыг зарласан. Эдгээр аж ахуйн нэгжүүдийн дунд “Сод Монгол групп” ХХК компани багтсан байна. Хэдэн төгрөгийн зээлийг ямар зориулалтаар авсан юм бэ?

-Манай “Сод Монгол Групп” компанийн хувьд 23 дахь жилдээ газрын тосны бүтээгдэхүүний импорт худалдаа хангамжийн бизнесийн салбарт хариуцлагатай ил тод өрсөлдөж байгаа олон мянган ажилтан ажиллагсадтай, үндэсний хөрөнгө оруулалттай, Монгол улсын төсөв бүрдүүлэгч “Топ-100” аж ахуйн нэгжийн нэг. 

Манай группийн хамаарал бүхий импортын тос тосолгооны материалын худалдаа эрхэлдэг “Интер Стандарт Нефть” ХХК-ийн залуучууд 2014-2015 онд “Тос тосолгооны үйлдвэр барих” бизнес санаачлан судалгаа, урьдчилсан төслийг хийж, холбогдох орон нутгийн болон төрийн захиргааны байгууллагууд болон гадаад дотоодын санхүүгийн байгууллагуудад урьдчилсан тооцоогоор 43 сая долларын төслийг танилцуулан дүгнэлт зөвшөөрөл дэмжлэг олж авахаар ажиллаж байсан.

Энэ явцдаа Аж үйлдвэрийн яамаар дамжуулан Хөгжлийн банканд танилцуулж, зээл хоёр жил судлагдаад барьцаа хөрөнгийн шаардлагын хүрээнд “Интер Стандарт Нефть” ХХК-тай биш харин тогтвортой урт хугацаанд ил тод үйл ажиллагаатай, тогтмол орлоготой  “Сод Монгол Групп”-ийг баталгаа гаргаж, шаардлага хангасан хөрөнгө барьцаалбал Хөгжлийн банк нь эхний удаа 6 сая хүртэл хэмжээний доллартай тэнцэх мөнгийг олгохоор шийдвэрлэсэн байдаг.

Хөгжлийн банк нь төслийг бүрэн хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтын дөнгөж 14 хувьтай тэнцэх багахан хэсгийг олгохоор болсон тул үлдэх 86 хувийг өөрийн хөрөнгө оруулалт болон гадаадын банкны санхүүжилтээр шийдвэрлэхээр ажилласан.

-Хөгжлийн банктай гэрээгээ яг хэдэн онд хийсэн бэ. Үйлдвэрийн ажил одоо хэдэн хувьтай явж байна?

-Хөгжлийн банкны шаардлагын хүрээнд төлбөрийн батлан даагч, төсөл хариуцагчаар “Сод Монгол групп”-ийг сонгосон тул хуулийн дагуу хөрөнгөө гарган барьцаалж, 2017 оны долоодугаар сарын 6-ны өдөр Хөгжлийн банктай №З-СМ-ЗҮ 2017-57 тоот Зээлийн гэрээ байгуулж, 669.8 сая иен буюу 14,7 тэрбум төгрөгийг авч, хамтран ажиллаж эхэлсэн.

Манайх зээлээ хуваарийн дагуу төлж байсан, төлөөд дуусч байсан. Хэвийн зээлдэгчийн жагсаалтанд байсан.

Үйлдвэрийн тухайд, Монгол Улс нь жилдээ 1.2 тэрбум гаран ам.долларын 1.3-1.6 сая тонн шатахуун болон шатах тослох материалыг гаднаас 100 хувь импортолдог бөгөөд үүний 65-70 сая доллар үнэ бүхий нийтдээ 17-24 мянган тонн тос тосолгооны материал эзэлдэг. Тос тосолгооны материалыг зориулалтаар нь, хүнд машин механизмын дизель хөдөлгүүрийн тос, бензин хөдөлгүүрийн тос, ердийн дизель хөдөлгүүрийн тос, автомат хурдны хайрцагны тос, гидравлик системийн шингэн, хүч дамжуулах анги болон тэнхлэгийн тос, аж үйлдвэрийн тоног төхөөрөмжийн гэх мэт ангиллын дунджаар 100 гаруй нэр төрлийн тос хэрэглэгдэж байна.

Манай улсын уул уурхайн цаашид хөгжлийг дагаад ашиглагдах тосны тоо хэмжээ жилд дундажаар 5-8 хувь өсөх хандлагатай тул урт хугацаанд импортыг орлох тосны үйлдвэр барьж дотооддоо нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргах томоохон боломж байна гэж манай залуучууд үзэж байгаа.

Тиймээс тосны зах зээлийн 50-75 хүртэл хувийг эзлэх тос үйлдвэрлэж, жилдээ бараг 40 сая  илүү ам.доллартай тэнцэх гадаад валютыг эх орондоо үлдээх зохих ашиг орлоготой, шинэ ажлын байрыг бий болгож, Монгол улсад хими технологийн аж үйлдвэр хөгжихөд чухал хувь нэмэр оруулах бизнес төсөл хэрэгжүүлэх зорилготой ажилласан.  

Одоо төслийн хэрэгжилт 61 хувьд хүрсэн, үлдсэн 39 хувийн ажил нь зөвхөн үйлдвэр технологийг барих хэсэг үлдсэн ба уг технологийн хэсэг нь  “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК–ээс эцсийн байдлаар гарах суурь тосны чанар найрлага химийн бүтцэд хийгдэх анализ дүн шинжилгээний дүгнэлтээс хамаарч тохирох технологи дамжлагыг сонгон үйлдвэрлэлд нэвтрүүлнэ.

Манай компаниас Хөгжлийн банкны санхүүжилтээс давуулж 7 тэрбум илүү төгрөгийг өөрөөс зарцуулаад байгаа цаашид багадаа 62 тэрбумын санхүүжилтыг гадаадын болон өөрсдийн санхүүжилтээр  шийдэх шаардлагатай байгаа.

-Зээлийг зориулалтын дагуу ашигласан уу. Ямар учраас чанаргүй зээлдэгч нарын дунд орсон юм бол?

-Манайх зээлийг зориулалтын дагуу ашиглаж байгаа, бидний мөрөөдөж байгаа үйлдвэр 2025 онд ашиглалтанд орох байх. Манай төслийн хэрэгжилт 61 хувьтай байгаа, тодорхой шалтгааны улмаас зарим ажил түр зогсож төслийр анх төлөвлөсөн хугацаандаа үйлдвэрээ ашиглалтанд оруулж амжаагүй тул чанаргүй зээлдэгч гэж яриад байгаа бололтой.

-Хөгжлийн банкны хоёр зээлдэгчийг Эрүүгийн цагдаагийн албанаас шалгаж эхэлсэн. Энэ хоёр компанийн нэг нь танай компани гэдэг мэдээлэл бий. Ямар үндэслэлээр шалгаж байгаа юм бэ?

-Энэ тухай мэдээллийг одоогоор би аваагүй байна. Миний ойлголтоор Хөгжлийн банкны бүх л зээлдэгч нарыг хуулийн байгууллагаас шалгаж байгаа гэж ойлгож байгаа. Манай хувьд хэвийн зээлдэгч учраас энэ тал дээр асуудал байхгүй. Манайхыг тухайлан ганцхан шалгасан зүйл байхгүй гэж ойлгож байна.

-Зээлийн төлөлтөө бүрэн хийж дуусгасан гэсэн. Хэзээ төлж дууссан юм бэ?

-Манайд 2017 оны долоодугаар сард зээл олгосон. Зээлийн гэрээний буцаан төлөх төлбөрийн хуваарь ёсоор 2018 оноос эхлэн зээлийн үндсэн зээл, зээлийн хүүг банканд хүндрэл учруулахгүй графикийн дагуу буцаан төлж ирсэн бөгөөд зээлийг гэрээний хугацаа хэтрүүлэхгүй хугацаандаа багтаан хүүгийн хамт 2022 оны хоёрдугаар сарын 10-нд төлж дуусгасан, зээл болон зээлийн хүүгийн үлдэгдэл тооцоогүй байгаа. 

Манай зээл төлөлт бол Хөгжлийн банкны зээлдэгч нарыг шалгаж эхэлсэнтэй холбоотой биш, харин санхүү төлбөрийн хуваарьт ажил юм. 

Манай компани Хөгжлийн банкнаас өмнө Монголын олон арилжааны банкуудаас олон удаа их хэмжээний зээл авч, тухайн зээлүүдээ гэрээний цаг хугацаанд нь төлж ирсэн. Арилжааны банкуудын хувьд найдвартай зээлдэгч буюу зээлийн илүү хүү төлөх сонирхолгүй санхүүгийн чанд дэглэмтэй компани учир манай компанитай арилжааны том банкууд хамтран ажиллах сонирхолтой байдаг, бид ч үүгээрээ бахархдаг юм.     

-Танай компани анх зээл авахдаа ямар хөрөнгө барьцаалсан юм бэ?

-Манай компани Хөгжлийн банкны зээлийн барьцаанд, манай үнэ цэнэтэй хөрөнгө болох, та бүгдийн болон манай үйлчлүүлэгчдийн сайн мэддэг Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн 13-р хорооны нутагт 32-ын тойргын хойно байх №23 шатахуун түгээх станцыг газрын хамт, мөн Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 5-р хорооны нутагт байх №38 шатахуун түгээх станцыг газрын хамт, мөн Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны нутагт байх №14 шатахуун түгээх станцыг газрын хамт, мөн дүүргийн дүүргийн 32-р хорооны нутагт байх №34 шатахуун түгээх станцыг газрын хамт, Дархан хот Хонгор сум 1-р багын нутагт Төмөрлөгийн үйлдвэрийн хойно байх Нефть баазыг шатахуун болон газрын хамт тус тус барьцаалсан. 

Нийт дөрвөн шатахуун түгээх станц, нэг нефть бааз барьцаалсан. Ийм барьцаа бол манай улсад их үнэтэй барьцаанд тооцогдохыг та ойлгож байгаа байх.

-Хөгжлийн банкны зээлд өнөөдрийг хүртэлх хугацаанд хэдэн төгрөгийн хүү төлөгдсөн бэ?

-Дахин тодруулж хэлэх хэрэгтэй бололтой. Хөгжлийн банк нь 2017.07.06-ны өдрийн Зээлийн гэрээний хүрээнд 669.8 сая иен буюу 14,7 тэрбум төгрөгийг манайд олгосон. Энэ  зээлийн гэрээний буцаан төлөх төлбөрийн хуваарь ёсоор 2018 оноос эхлэн зээлийн үндсэн зээл, зээлийн хүүг графикийн дагуу хэвийн буцаан төлж ирсэн бөгөөд зээлийг гэрээний хугацаа хэтрүүлэхгүй хугацаандаа багтаан хүүгийн хамт 20,8 тэрбум төгрөг болгож өнгөрсөн хоёрдугаар сарын 10-нд сүүлийн төлбөрийг хийж бүрэн дуусгасан, одоо манай компани ХБ-тай зээл болон зээлийн хүүгийн тооцоогүй болно. Манайх чанаргүй зээлдэгч байгаагүй, харин зээлээ хуваарийн дагуу төлж байсан, төлөөд дуусаж байсан.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top