Ч.Отгочулуу: Шинэ уналтын бодлого хэрэгжиж байна

2022 оны 03 сарын 22

Шинэ сэргэлт гэж ярихаасаа өмнө энэ хурдтай унаж байгаа эдийн засгаа тогтворжуулах хэрэгтэй. Эдийн засаг эрүүл, тамир тэнхээтэй байх ёстой. Төсөв өндөр алдагдалтай, инфляц өндөртэй, гаднаас өр зээл авдаг энэ байдал чинь  Шинэ сэргэлт битгий хэл улам уруудах, бодит байдал дээрээ Шинэ уналтын бодлого болон хувирчээ.

 

Эдийн засгийн нөхцөл байдал, цаашдын төлөв болон анхаарал татсан бусад асуудлын хүрээнд эдийн засагч Ч.Отгочулуутай ярилцлаа.


 

-Дотоодод ковидын эрсдэл буурсан ч БНХАУ-д халдварын тохиолдлууд нэмэгдээд буй. Энэ нь хил гаалийн хорио цээр хэвийн байдалд ороход  хугацаа шаардах нөхцөлийг  үүсгээд байна. Мөн ОХУ, Украины нөхцөл байдалтай холбоотойгоор хойд хил ч асуудалтай байна. Эрсдэлүүд бодитой байгаа ийм нөхцөлд энэ оны эдийн засгийн төлөв байдал  ямархуу байх бол?

- Өнгөрсөн буюу 2021 оны эдийн засгийн өсөлт санасныг бодоход тааруу гарсан. 2022 оны төсөөлөл харьцангуй өөдрөг байсан ч,  нөхцөл байдлыг аваад үзэхэд, анх хүлээж байсан шиг өндөр өсөлт үзүүлэхгүй төлөвтэй байна. Нүүрс, зэсийн үнэ өндөр байгаа ч хилийн боомтууд дээр гацаа үүсчихсэн, экспортолж  чадахгүй байгаа учраас эдийн засгийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхээр  байна. Инфляц өндөр байгаа нь иргэдийн  амьжиргаанд сөргөөр нөлөөлж байна. Тэтгэврийн хөгшчүүл хэдхэн жилийн өмнө 50 килограмм мах авч чадах хэмжээний тэтгэвэр гар дээрээ авдаг байсан бол одоо сарын тэтгэвэр нь 30 килограммыг  ч авч хүрэхээргүй болсон. Инфляцад нөлөөлж буй шатахууны үнэ  хилийн үнийн өсөлттэй холбоотойгоор яах аргагүй дагаад өсөхөөр болчихлоо. ОХУ-ын дотоодод бол шатахууны жижиглэнгийн үнэ буурч байгаа гэх мэдээ байна. Тэгэхээр богино хугацааны шийдэл бол импортлогчид шатахууныг зөвхөн Сингапурын биржийн үнэ ашигладаг гэрээгээр биш мөн түүнчлэн ОХУ-ын дотоодын жижиглэнгийн  үнээр оруулж ирэх боломжтой юм.  

-УУХҮ-ийн сайд  Г.Ёндон энэ сарын эхээр ОХУ-д очиж, “Роснефть”-ийн удирдлагуудтай уулзсан. Уулзалтаар үнэ ханш биш, харин нийлүүлэлт тасалдахгүй байх талаар л ярьсан, үнэ бол цаашид ч өснө, өөр аргагүй гэж сайд өөрөө хэлж байна билээ. Хил үнээс доогуур үнээр оруулж ирэх боломж үнэхээр олдох уу?

-ОХУ-аас оруулж ирэх бүх шатахуун гэрээний үнэд хамрах албагүй, тусад нь оруулж ирэх боломжтой. Заавал тэр гэрээндээ баригдалгүйгээр, тусдаа худалдан авалт хийн, оруулж ирэх эрх чөлөө импортлогчдод бий. АИ-92 шатахуун дээр онцгой албан татвар тэглэсэн. Дээр нь БНХАУ-аас шатахуун авах боломжтой. Одоогоор нийт шатахууны 10 хувийг тэндээс авч байгаа. Ер нь олон боломж байж болно. Одоо бол Дорнодоор түүхий нефть зөөж байгаа. Яагаад зөрүүлээд бензин оруулж болохгүй гэж? Мөн Замын-Үүд, Бичигтээр  илүү их шатахуун оруулж ирдэг ч юм уу, ер нь л нийлүүлэлтийг илүү чөлөөтэй болгох хэрэгтэй байх.  

Даанч ачааны машинаар тээвэрлэх тохиолдолд зардал олигтой бууж өгөхгүй болов уу.

-Ер нь нийлүүлэлт ихэсвэл үнэ буурдаг. Бусад барааны хувьд ч мөн адил. Дээр нь экспорт яах бол?

 -Манай улсын экспортын үндсэн түүхий эдүүдийн үнэ рекорд тогтоох хэмжээнд өсөж байна. Гол нь төмөр замгүйн л гай гарч байхгүй юу. Хятадууд  хоёр, гурван жилийн өмнөөс л хорио цээрийнхээ дэглэмд анхаараарай гэж хэлж байсан байдаг. Манайхан  ерөөсөө арга хэмжээ аваагүй учраас ийм байдалтай болж байгаа юм. УИХ-ын гишүүд нь зөвхөн тойргийнхоо асуудалд анхаараад, дахиж сонгогдохоо бодоод, үндэсний эрх ашгийг хардаг нь маш цөөхөн  байгаа учраас л бид ийм хямралын гэмээр байдалд орлоо.

-Хоёрдугаар  сарын инфляц 14 хувь буюу мөн л өндөр гарсан. Энэ долоо хоногт Мөнгөний бодлогын хороо шийдвэр гаргахаар хүлээгдэж байна. Гэхдээ бодлогын хүүгийн нөлөөлөл өнөө маргаашдаа биш хэд хэдэн улирлын дараачаас эдийн засагт нөлөөлдөг гэж эдийн засагчид тайлбарладаг шүү дээ?

-Төв банк нэгдүгээр сард  бодлогын хүүг 0.5 нэгж хувиар өсгөсөн. Хүү өсөхөөр дагаад зээлийн хүү нэмэгдэнэ, зээлийн олдоц буурна, дагаад хэрэглээ хумигдана гэсэн үг л дээ. Ерөнхийдөө энэ өндөр инфляцын цаад үндсэн нэг шалтгаан бол төсвийн их алдагдал юм. Төсвийн зардлаараа дамжуулаад эдийн засаг руу баахан мөнгө оруулчихаар, үнийн хөөрөгдөл үүсэж байгаа. Үнийн хөөрөгдөл үүсчихээр, үүнийг дарахын тулд төв банк нь бодлогынхоо хүүг өсгөнө. Бодлогын хүүгийн өсөлтөөс улбаалан хүмүүсийн худалдан авалтыг буурна, компаниуд хөрөнгө оруулалтын зээл авахад их хэцүү болно. Манайх угаасаа ч зээл авахад хэцүү. Гэтэл эдийн засаг идэвхжиж эхэлдэг, урин дулаан цаг ирж байхад, зээлээ хумьж байгаа нь харамсалтай. Гэхдээ Монголбанк өөр аргагүй болчхоод байна л даа.

Энэ инфляцын өөр нэг шалтгаан нь нэг талаасаа нийлүүлэлтийн гаралтай. Замын-Үүд дээр бараа, бүтээгдэхүүн гацаад байна. Барилгын болон ер нь бүх салбарын компаниуд бараагаа татаж чадахгүй, тээврийн зардал нь 3-4 дахин өссөн. Эдийн засагт алдагдсан боломжийн өртөг гэж бий. Хэрвээ бид хил боомт дээр хорио цээрийн дэглэмийг сайтар хангаад, нэвтрүүлэх чадвараа сайжруулчихсан бол нөхцөл байдал өөр байх боломж байсан. Зэсийн ханш одоо 10 мянган ам.доллар давсан, нүүрсний үнэ 450 ам.доллар  болсон байна. Алтны үнэ ч бараг 2000 ам.доллар шүргэж байна.  Экспорт талдаа энэ үүлэн чөлөөний нар шиг үеийг ашиглаж чадсангүй. Импорт талдаа ч их муу байлаа. Миний бодлоор урт хугацаанд ачаа тээврийг сайжруулахын тулд агаарын каргог  идэвхжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, Ховдод онгоц аятайхан буучихаар талбай засаад, агуулах байгуулчих юм бол Казахстан, Киргизстан, Хятадын Шинжаан Уйгураас бараа татаад аваад байх боломжтой. Дорнодод олон улсын хэмжээний ачаа тээврийн каргоны зориулалттай онгоцны буудал барьчих юм бол Манжуур, БНСУ-аас бараа оруулаад ирэх боломжтой. Агаарын тээврийг либералчлаад ачааны том том онгоц буудаг боломжийг өсгөх хэрэгтэй.  Төмөр зам дээр эрдэс баялгийнхаа тээврийг хэтэрхий их анхаараад байх шиг байна.

-Төгрөгийн ам.доллартой харьцах ханш нэгдүгээр сарын сүүлчээс хойш өдөр бүр суларч байна. Төв банк долоо хоног бүр л интервенц хийгээд байна?

-Валютын нөөц хурдтай буурч байгаа нь санаа зовоож байна.  Валютын нөөцийг өсгөх хамгийн найдвартай арга бол гадаадын шууд хөрөнгө оруулалтыг татах юм. Жишээлбэл, алт, зэсийн үнэ өсөөд байхаар энэ салбарын хайгуул руу хөрөнгө оруулах сонирхол эрс өсчихдөг. Азаа үзэх гэсэн, эрсдэлийн сантай хөрөнгө оруулалтын сангууд зөндөө байгаа, уг нь. Гэвч үүн дээр асуудал байгаад байдаг. Улаанбаатарт АМГТГ-аас ашигт малтмалын лиценз олгочхоод байхад, орон нутагт татгалзаад байдаг. Манай орон нэгдсэн улс хэр нь аймаг нь улс доторх улс болчихсон. Тиймээс хууль эрх зүйн орчиндоо өөрчлөлт оруулмаар байна. Хайгуул хийгээд, уул уурхай ашиглаад, роялти хэлбэрээр улсын төсөвт мөнгө ордог бол тэрнийх нь багагүй хэсгийг суманд нь шууд  өгдөг, өгөөж нь тэндээ үлддэг болмоор байгаа юм. Ер нь газрынхаа хөрсөнд юу байгааг орон нутгаас үл хамаараад  улс мэдэж байх ёстой. Төрийн өмчийн компаниуд хүртэл  хайгуул хийх гээд очиход орон нутагт хийлгэхгүй байна. Газрын тосны үйлдвэр барьж байна л гэнэ. Зөвхөн Дорнодын Тамсагаас олборлох нефтиэр бол үйлдвэрлэл явуулахад хүрэлцэхгүй тул  заавал хайгуул хийх ёстой. Гэтэл орон нутаг нь хайгуул хийлгэхээ больчхоод байна. Хуучин бол ашиглалтын лиценз хамгийн баталгаатай хөрөнгө оруулалт байлаа. 30 жилээр олгодог, зөвхөн шүүхээр орж цуцалдаг байсан.  Одоо бол орон нутаг, БОАЖЯ нийлж байгаад л янз бүрийн шалтгаанаар цуцалдаг хууль эрх зүйн орчин нээгээд өгчихсөн. Үүнийг буцааж сайжруулахгүй бол явахгүй ээ. Хөрөнгө оруулалт бол эдийн засгийн гол усалгаа. Манай хөрөнгө оруулалтын урсгал цөөн. Банкнуудаас зээл авдаг, гэвч банкнууд барьцаа их шаардана, хүү өндөртэй. Хөрөнгийн бирж дээр  хувьцаа гаргаад, хөрөнгө босгоод, ажлын байр бий болгож болно. Гэтэл манай хөрөнгийн бирж ямар билээ. Одоо  ганц урсгал үлдээд байгаа нь гаднын хөрөнгө оруулалт болчхоод байна.

-Уул уурхайгаас гадна хөрөнгө оруулалт татах боломжтой салбарууд манайд юу юу байна вэ?

-Нэг хэсэг барилгын салбар их зүгээр байсан. Гэвч ипотекийн зээлийг дэмжихгүй байгаа учраас зогсонги байдалд байна. Уг нь ипотекийн зээлийг зоригтой хөгжүүлээд, барилгын салбараа дэмжмээр байгаа юм. Монголбанк бодлогын хүүгээ өсгөж буйн хариуд арилжааны банкнууд Монголбанкны үнэт цаасыг худалдаж авдаг. Улмаар хэдэн их наяд төгрөгийг Төв банкны үнэт цаасанд байршуулдаг. Хүүг нь Монголбанк төлөөд л байж байгаа. Тэгвэл тэр сул хэвтэж байгаа мөнгөний тодорхой хэсгийг нь барьцаалаад моргэйжийн зээл болгоод гаргах юм бол  эрэлт  байна. Улаанбаатарчуудын 70 хувь нь гэр хороололд амьдарч байна. Нөгөө талд нь барилгын салбарынхан барилга барихад бэлэн байж байна. Барилгын салбар ид үедээ 100 мянган хүнийг ажлын байраар хангаж байсан. Эрэлт бас нийлүүлэлт талд ч үүссэн хоёр боломжийг ашиглан, бодлого хэрэгжүүлэх хэрэгтэй.  Ер нь Шинэ сэргэлтийн бодлого гэж бүтэхгүй юм ярьж байхаар энгийн ойлгомжтой зорилго тавих хэрэгтэй байна.

-Энгийн ойлгомжтой гэхээр ямар зорилгууд байж болох вэ?

-Нэгдүгээрт, сард 1,000 ам.доллартой тэнцэх цалинтай 1 сая ширхэг ажлын байр бий болгоход анхаарах хэрэгтэй. Ийм хэмжээний цалин олгох боломжтой ажил олгогч нар олноор бий болсноор эдийн засгийг тогтвортой хөгжлийн зам дээр гаргана. Одоо бол манайд ийм цалинтай ажлын байр 10 мянга хүрэхгүй л байгаа. Үүнийг яаралтайгаар 100 мянга болгож, улмаар үе шаттайгаар нэмэгдүүлэн, ойрын 20 жилийн  дотор 1 саяд хүргэх хэрэгтэй. Ингэвэл ажилгүйдэл, ядуурал зэрэг эдийн засгийн олон асуудал шийдвэрлэгдэнэ.  Барилга, үйлдвэрлэл, банк, үйлчилгээ, уул уурхай гээд бүхий л салбарт сарын 1,000 ам.долларын цалин авдаг ажлын байр олноор бий болгохын тулд гол нөхцөл нь  эдийн засгийг  тэлэх, хөрөнгө оруулалт татах явдал юм.

Хоёрдугаарт,  Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагад   /OECD/ ихэнх хөгжингүй болон хөгжиж байгаа орнууд  орчихсон байдаг. Манай улс  тэнд гишүүнээр элсмээр байгаа юм. Учир нь энэ байгууллагад төрийн үйлчилгээ, төрийн өмчийн компаниудын засаглал, эмнэлэг гээд маш олон үйлчилгээний стандарт байдаг. Манайх гишүүн болж орсноор тэдгээр стандартуудыг нь шууд аваад нутагшуулчихна. OECD-гийн гишүүн орнууд маш олон үзүүлэлтээр бие биеэ хэмжээд, туслаад, дэмжээд явчихдаг. Жишээлбэл, анхан шатны болон бага боловсролын чанарт стандарт тогтоогоод, хооронд нь харьцуулаад, аль болох жигд хөгжүүлдэг. Эрүүл мэндийн үйлчилгээний стандарт нь их сайн. Ард иргэдээ сайн сайхан амьдруулахын тулд төр нь ямар үйлчилгээ үзүүлэх ёстой вэ гэдгийн хамгийн сайн жишиг хаана байдаг юм, тэр бүгдийг хооронд нь туршлага солилцуулдаг байгууллага. Цэрэг дайны эвсэл биш цэвэр хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны байгууллага учраас нэгдээд орчихвол бидэнд хэрэгтэй. Тэгэхээр манай улс  ийм хоёр зорилго тавьчих юм бол болчих гээд байгаа юм.

-Одоо бол Засгийн газар, харьяа яам, агентлагууд, газар, хэлтсүүд, аймаг сумд гээд бүх л түвшиндээ Шинэ сэргэлтийн бодлогыг л ярьж байна. Өнгөрсөн оны туршид 10 их наядын хөтөлбөр ярьсан шүү дээ. Тэгээд 10 их наядын хөтөлбөрийн гүйцэтгэлээ 90 орчим хувьтай хэрэгжсэн гэж эрх баригчид дүгнээд өнгөрсөн. Та үүн дээр юу хэлэх вэ?

-10 их наядын гэх хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар өөрөө санаачлаад, өөрөө хэрэгжүүлээд, өөрөө тайлагнаад, өөрөө дүн тавиад байгаа нь засаглалын хувьд ч болохгүй юм. 10 их наядын хөтөлбөрт дүн тавих ёстой хүмүүс нь хөндлөнгийн шинжээчид байх ёстой. 2 их наядаар нь 3 хувийн хүүтэй зээл олгосон л гэнэ. Гэтэл хэнд ямар шугамаар яаж оччихсон нь их ойлгомжгүй, ил тод биш. Маш олон хувь хүнд очсоныг нь  аваад үзэхээр сонгуулийн сурталчилгаанд зориулагдсан байх магадлал өндөр. Уг нь ажлын байр бий болгодог хамгийн том нэгж нь компаниуд л байдаг. Гэтэл компаниудад  маш бага очсон байсан. Ер нь тэндээс зээл олж авсан компаниуд цөөхөн байдаг юм байна лээ. Бусад мөнгө нь хаашаа орсон нь ойлгомжгүй байгаа шүү дээ.

10 их наядын гэх хөтөлбөрийн хэрэгжилтийг Засгийн газар өөрөө санаачлаад, өөрөө хэрэгжүүлээд, өөрөө тайлагнаад, өөрөө дүн тавиад байгаа нь засаглалын хувьд ч болохгүй юм.

-Та сая 3 хувийн хүүтэй зээл хувь хүмүүст түлхүү очсон байна гэж хэллээ л дээ. 2021 оны ДНБ-ий үзүүлэлт тааруу гарахад нөлөөлсөн гол хүчин зүйлсийн нэг нь өрхийн хэрэглээний уналт гэж Төв банк тайлбарласан. Нэг талаас харахаар зээл ч тэр, халамж ч тэр иргэд рүү чиглэсэн үед хэрэглээ уначихсан байгаа нь анхаарал татаж байна?

-Нэгдүгээрт, хүмүүс янз бүрийн бүтээгдэхүүн, бараа, үйлчилгээ худалдаж авах сонирхол нь буурсан байна. Хоёрдугаарт, санхүүгийн чадавхгүй болчихсон байна. Энэ бол ажилгүйдэлтэй л их холбоотой. Албан ёсоор бол 99 мянган ажилгүй иргэн байгаа гэсэн статистик байна. Хөдөлмөр оролцооны аргаар тооцоод үзэхээр эрэгтэйчүүдийн 60 хүрэхгүй хувь,  эмэгтэйчүүдийн ердөө 48 хувь нь ажилтай байна. Гэтэл  өмнө нь  хөдөлмөр оролцооны аргаар тооцоход хөдөлмөрлөх боломжтой хүмүүсийн 70 хувь нь ажилтай байсан бол одоо 50 хувь нь л  ажилтай байна. Ковидын үед олон аж ахуй нэгж сөхөрч унасан. Нийтийн хоол, аялал жуулчлал, барилгын дотоод засал,  жижиг үйлдвэрлэлийн салбарууд зэрэг  ихэвчлэн эмэгтэйчүүд ажилладаг салбарууд  хатуу хөл хорионы үед нам зогссон. Жижиг үйлдвэрүүд түүхий эдээ татаж авч чадахаа больсон. Энэ ажилгүйдлийн нөлөө дөнгөж эхэлж байгаа. Нөлөө нь улам ужгирч гүнзгийрэх болов уу л гэж харж байна.  

Нийгмийн халамжийн бодлого явуулж байна гэх атал ажилгүйдэл ядуурал өссөөр. Тэгээд ч Засгийн газрын өр хурдтай өсөөд байна. Зээл авч, төсвийн алдагдлыг нөхөх гэж оролддог. Гэтэл энэ нь байгаа онохгүй байна. Энэ онд зардал талдаа  18 их наяд төгрөг буюу түүхэнд байгаагүй өндөр дүнтэй төсөв баталсан. Сүүлийн жилүүдэд төсвийн зардал жил болгон 30 хувь өсөж байгаа. Төсвийн нийлүүлэлт, зардал өсөхөд дагаад эдийн засаг өсөх ёстой. Гэтэл зардлын ихэнх нь Хятад руу гардаг. Их чанаргүй бараа болоод ороод ирдэг. Дээр нь хувийн хэвшлийн оруулж ирэх боломжтой бодит хөрөнгө оруулалтыг шахаж гаргаад байгаа. Замын-Үүдийн нарийхан хоолойгоор хувийн хэвшлийнхэн бараагаа татаж авч чадахгүй байхад, төрийн байгууллагууд болохоор улсынх гэдгээрээ л оруулаад байгаа. Төсвийн өндөр зардал эдийн засгийг өсгөх биш, харин ч сааруулах хүчин зүйл болчхож байгаа юм. Эдийн засгийг өсгөдөг хувийн хэвшлийн бизнесийн үйл ажиллагааг нь тасалдуулаад байна. Төрийнхөн эмнэлэг, сургууль зэрэг барьж байгуулахдаа хямдыг нь бодоод БНХАУ-аас чанар муутай бараа авдаг, улмаар өгөөж, бүтээмж муутай хөрөнгө оруулалтууд л хийгдэж байна. Өөрөөр хэлбэл татвар төлөгчдийг дарамталж авсан тэр их мөнгө үндэсний эдийн засагтаа шингэхгүй, гадагшаа урсаад байна л даа.

-Та Шинэ сэргэлтийн бодлогыг  хэрэгжих үндэслэл муутай гэж түрүүн яриандаа хэлсэн.  Яагаад ингэж үзэж байна вэ?

-2022 оны төсвийн тухай хуулийг харж байхад гол асуудлуудаа тусгаагүй байв. Тухайлбал, манай улсад үүсээд буй хамгийн том гацаа бол хил боомтуудын нэвтрүүлэх чадвар. Тиймээс хил боомтуудын халдвар хамгаалал, хорио цээрийн дэглэмийг сайжруулах чиглэлээр хөрөнгө оруулалт хийх ёстой. Гэтэл улсын төсөвтөө үүнд чиглэсэн зардал бараг тусгаагүй. Эсрэгээрээ EBRD зэрэг олон улсын донор байгууллагуудаас төсөвт өгдөг хандив тусламжуудаар жаахан ажил хийнэ гээд оруулчихсан байгаа юм. Гаднын байгууллагууд Монгол Улсын хүндрэл бэрхшээлийг Монголчуудаас илүү сайн олж хараад, хөрөнгө оруулалт хийе гээд байхад манайхан өөрсдөө үндсэн асуудлаа орхигдуулж байна. Мөн нөгөө талаас олон улсын байгууллагын хандив тусламжаар хийлээ гэхэд, энэ чиглэлийн хөрөнгө оруулалтуудын сул тал нь  маш их цаг хугацаа алддаг. Төвөөсөө зөвшөөрөл авна, манай яамнуудаар орно. Ингэсээр байтал дулааны улирал дуусчхаад байдаг.

2022 оныхоо төсвийн хуульд эдийн засгийнхаа үндсэн асуудлын шийдлийг оруулж чадаагүй байж, 2050 онд л цэнгэлийн манлайд хүргэнэ гэж яриад байгаа нь сонин. Шинэ сэргэлт гэж ярихаасаа өмнө энэ хурдтай унаж байгаа эдийн засгаа тогтворжуулах хэрэгтэй. Эдийн засаг эрүүл, тамир тэнхээтэй байх ёстой. Төсөв өндөр алдагдалтай, инфляц өндөртэй, гаднаас өр зээл авдаг энэ байдал чинь  Шинэ сэргэлт битгий хэл улам уруудах, бодит байдал дээрээ Шинэ уналтын бодлого болон хувирчээ. Тэгээд ч тэр бодлогын хүрээнд хийх ажлуудынх нь хөрөнгө оруулалтын дүнг жагсаахад 120 их наяд төгрөг  болж байсан. Улсын төсвөөс гарах ямар ч боломжгүй. Хувийн хэвшилд ч үүнийг  хийх чадавхтай компани бараг үлдээгүй. Жаахан томорчихсон аж ахуйн нэгжүүд рүүгээ шалгалт оруулдаг, элдвээр цоллодог. Гэтэл Үндэсний үйлдвэрлэгч том компаниуд байхгүй бол шинэ сэргэлт байхгүй гэдгээ санах хэрэгтэй. Түрүүн хэлсэнчлэн Төв банкны үнэт цаасанд  байршсан асар их мөнгийг барилгын салбар, хөрөнгө оруулалт руу зоригтой оруулах хэрэгтэй. Монголын цементийн зах зээл одоо 2 сая тонн орчим байгаа. Хэрвээ барилгын салбарыг хөгжүүлээд, гэр хороололд бичил төвүүд, амины орон сууц, чанартай орон сууц барих чиглэлээр бодлого явуулбал цементийн хэрэглээ даган өсөж, 5-6 сая тонн болох боломжтой. Энэ бол цементийн үйлдвэрүүддээ ч, барилгын салбартаа ч, эдийн засагтаа ч ашигтай. Тэгэхээр ийм хэрэгжих боломжтой зүйлс байхад хэрэгжүүлэх зоригтой бодлого дутаад байна л даа.

Хөгжлийн банк уг нь эдийн засгийг тэлэх том том төслийг санхүүжүүлэх зорилготой  хөгжлийн институт. Гэтэл одоо хийрхлийн бай болоод хувирчихаар, шийдвэр гаргахаас айдаг хүмүүсээр дүүрчихлээ. Төр засаг, төрийн компани, төрийн банкнууд зоригтой шийдвэр гаргаж чадахаа больчихлоо. Тэгсэн мөртөө хувийн хэвшлийнхнийгээ юм хийлгэдэггүй. Тэгэхээр юун Шинэ сэргэлт байх билээ.

Тэдгээрийг ялгаж салгахгүй бол бүгдийг нь ингэж харлуулж байгаад, банкийг дампууруулаад цоо шинэ банк байгуулах юм бол, далимд нь ёстой луйврын зарим зээлүүд нь нуугдаж үлдээд, татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх боломжтой болчихно шүү дээ.

-Та Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнээр ажиллаж байсан шүү дээ. Таныг ажиллаж байх үед нөхцөл байдал ямар байв. Одоогийн өрнөж буй үйл явцын талаар та юу хэлэх вэ?

-Би ТУЗ-д 2012-2015 оны хооронд гурван жил ажилласан. Тэр үед ихэвчлэн УИХ, Засгийн газраас баталсан шийдвэрийн дагуу санхүүжилт олгогддог байсан. Хяналт, шалгалт маш ихтэй байсан. Тухайн хугацаанд 800-гаад зээл гарснаас, эргэн төлөлт 96 хувьтай буюу сайн байсан. Хөтөлийн зээл зэрэг том дүнтэй зээлүүд  2012 оноос өмнө олгогдсон байсан. Ирэх онд төлөгдөнө гээд буй 600 сая ам.долларын бонд бол 2011 онд гаргасан Евро бонд юм. Харж байхад, 2017 оноос хойш гарсан бодлогын алдааг л заавал Ардчилсан намд наах гээд үзээд байна л даа. Ингэж улс төржүүлэх юм бол оношоо зөв тавьж чадахгүй. Оношоо зөв тавьж чадахгүй бол эмчилгээ зөв байж чадахгүй шүү дээ. Тийм учраас улс төржихгүйгээр оношоо зөв тавимаар байгаа юм.

-Хөгжлийн банк үйл ажиллагаа явуулж эхэлснээс  хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд алдаа нь юундаа байв?

-Нэгдүгээрт, 2017 онд хууль өөрчилдөг л буруу байсан. Тэр өөрчлөлтөөр ТУЗ асуудлыг бүгдийг шийддэг болчихсон. Тэгэхээр ТУЗ өөрөө нөлөөнд автаад, чанаргүй зээлүүд нэлээн гарчихсан юм уу гэж харсан. Хоёрдугаарт, зарим зээлүүд  манай макро эдийн засгийн орчин угаасаа муу байгааг л харуулж байгаа юм. Эдийн засаг тэлэхгүй байна. Тэлэх гээд том бодлого явуулсан байтал улс төржүүлээд бүгдийг нь зогсоосон. Улмаар эрэлтээс давсан хүчин чадалтай үйлдвэрлэгч нь бүтээгдэхүүнээ зарж чадахгүй байдалд орсон.

Мөн гадаад хүчин зүйлсийн нөлөөллүүд байна. АНУ, БНХАУ-ын худалдааны дайн дэлхийн эдийн засгийг нэлээн хөргөсөн шүү дээ. БНХАУ-ын эдийн засаг экспортоос асар их хамааралтай. АНУ-ын хэрэглээ өсөх юм бол БНХАУ-ын экспорт өсдөг, БНХАУ-ын экспорт өсөхөөр манай экспорт өсдөг хамааралтай. Гэтэл энэ хоёр улсын хооронд худалдааны дайн болоод АНУ хэрэглээгээ багасгачихаар БНХАУ-ын экспорт унасан. Тэр нь манай экспортод нөлөөлсөн. Мөн ковидоос шалтгаалж сүүлийн 2-3 жил бүх юм хаагдлаа шүү дээ. Одоо ингээд Орос, Украины дайны нөлөөлөл үүсэж байна. Гадаад шокоос шалтгаалж зарим зээл их муудсан. Ерөнхийдөө манай  эдийн засгийн тамир тэнхээ их муу байна.

Энэ бол зээлдэгчдийн буруу гэхээсээ давагдашгүй хүчин зүйл. Гэхдээ зарим зээл бол үнэхээр барьцаа муутай, улс төрийн шалтгаанаар олгосон нь бас байгаа байх. Тэдгээрийг ялгаж салгахгүй бол бүгдийг нь ингэж харлуулж байгаад, банкийг дампууруулаад цоо шинэ банк байгуулах юм бол, далимд нь ёстой луйврын зарим зээлүүд нь нуугдаж үлдээд, татвар төлөгчдийн мөнгөөр төлөгдөх боломжтой болчихно шүү дээ. Жинхэнэ зальтай хүмүүс нь дүйвээн дундуур ашиг хонжоо олоод үлдчих магадлал байгаа.

-2016 оны Засгийн газрын Ажлын хэсгийн шалгалтын дүгнэлт нууцаас гарахаар болсон. Ер нь чухам ямар асуудлууд байсан болоод нууцлагдсан байдаг юм бол. Танд энэ талаар мэдээлэл байдаг уу?

-Тэр дүгнэлтийг би хувьдаа нэлээн улс төржсөн, сонгуульд зориулж гаргасан, харлуулсан  дүгнэлт болов уу гэж харсан. Тийм ч учраас ажлын хэсэгт орсон зарим гишүүд нь гарын үсэг зураагүй юм байна билээ. Тэр үед байдал хүнд байсан л даа. Нүүрсний үнэ 25 ам.доллар,  зэсийн үнэ 4,500 ам.доллар, нефтийн үнэ 120 ам.доллар гээд манай макро эдийн засаг маш хүнд байсан. Мөн ам.долларын ханш их өссөн. Ханшийн зөрүүгээс алдагдал үүсэж байсан. Ажлын хэсэг эдгээр зах зээлийн хүндрэл зэргийг оруулаад бүгдийг нь зөрчил гээд үзчихсэн байсан. Сая ХЗДХ-ийн сайд өөрөө ОУВС-гийн хөтөлбөрт орохын тулд тэр тайланг нууцалсан юм аа гээд хэлчихсэн. Тэр их буруу л даа.  ОУВС-г хуурч байна гэсэн үг. Одоо ингээд ярьчихаар гадаад түншүүддээ л нэр нүүрээ алдаж байна гэсэн үг. Итгэлцлийг бий болгохын тулд илэн далангүй, элдэв нууцгүй л байх ёстой. Гэтэл улайм цайм ийм зорилгоор нууцад оруулсан юмаа гээд яриад сууж байдаг. Ер нь бол  тэр тайлангаас гадна өчнөөн олон тайлангууд нууцад байгаа. Тэдгээрийг яагаад нууцаас гаргахгүй байгаа юм. МАН-ын удирдлагын үед орсон шалгалтуудын тайлангууд бас л нууц.

2017 оноос хойш Монголбанк, УИХ-аас хийсэн шалгалтын тайлангууд мөн нууц байгаа. Гэтэл АН-ын үеийнхийг сөхөж гаргаж ирээд л, Хөгжлийн банкийг АН будаа болгочихсон юм байна гэсэн ойлголтыг нийтэд  тараах гээд байгаа нь, зөв зүйтэй асуудал биш. Хөгжлийн,  эдийн засгийн бодлого дээр улс төржиж болох юм байна, болохгүй юм байна. Сонгуульд ашиглаж болох юм байна, болохгүй юм байна. Ер нь манай эдийн засгийн үндсэн асуудал хатангиршилд, шингэний дутагдалд орсон. Үүнийг эрүүлжүүлэхийн оронд,  намууд ингэж улс төржиж, хар пиар хийх нь буруу. Гадаад бодлого дээр нэг цонхны бодлого баримтлах ёстой гэдэг шиг эдийн засгийн амин асуудал дээр намууд нэг л байр суурьтай байх ёстой. Бодлогын өрсөлдөөн байж болно, тэрнээс биш бүгдээрээ хамтдаа сууж байгаа модны мөчрөө хөрөөдөж хаядаг байж болохгүй. Хөгжлийн банк дээр хэт улс төржиж, хийрхэж байна. Бодит шалтгааныг нь олоод, засаглалыг нь илүү сайжруулаад, цаашаа явах л хэрэгтэй. Болж өгвөл ТУЗ-д нь хараат бус хөндлөнгийн шинжээчид,  мэргэжлийн эдийн засагчид, сэтгүүлчид ордог байх хэрэгтэй. Хувьцаатай болгоод хувьцааг нь тараасан ч болно шүү дээ.

Цаг гарган ярилцсан Танд баярлалаа.

 

 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
УХААРЧ АМЬДАРЬЯ(103.111.68.3) 2022 оны 03 сарын 23

ЭНЭНИЙ ЭДИЙН ЗАСАГЧ ГЭЖ ЮУ БАЙХ ВЭ ЭЛБЭГДОРЖИЙН БӨГСНИЙ ЦААС ШҮҮ ДЭЭ

0  |  0
Зочин(202.9.46.95) 2022 оны 03 сарын 23

ХХБ-НЫ ШАЛГАЛТАНД ЭНЭ ОТГОЧУЛУУ, АНГАР, Ө ГАНЗОРИГ, ЛХАГВАСҮРЭН/Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын дарга байсан/ хүмүүсийг ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ЭДИЙН ЗАСГАА МЭДДЭГ ЧАДВАРЛАГ ХҮМҮҮСТЙГ ОРУУЛАХ НЬ ТУЙЛААС ҮНЭН .

0  |  0
Арл(202.9.46.42) 2022 оны 03 сарын 22

Тэгээд л унаж бга эдийн засгаа сэргээе гээд л шигэ сэргэлтийн бодлого явуулаж бга юм бишүү. Бүгдээрээ дэмжихгүй муу хэлээд гүйгээд байвал улам л уруудах байлгүй дээ эдийн засагчаа.

0  |  0
Зочин (192.82.73.155) 2022 оны 03 сарын 22

Энэ нэг билэггүй амтай, өшөө хорслоор дүүрсэн амьтанг яалтай билээ.

0  |  0
Lol (66.181.161.89) 2022 оны 03 сарын 22

Новшийн эдийн засагч гэж юу байхав, Ануусын бдаг л худалч долдой

0  |  0
энэ үнэн(139.5.217.214) 2022 оны 03 сарын 22

хөгжлийн банкы зээлийн тайлан, шалгалтыг 2011-2016 ба 2016-2021 он гэсэн заагаар бүгдийг ил тод болгож үнэн байдлыг харуулах ёстой. зөвхөн 2016 оноос өмнө гэдэг нь АН-ын үед гай тарьсан гэж харагдуулах, 2017 онд хууль засаж хулгайлсан МАН-ын хулгайг далдлах арга хайж байгаа хэрэг

0  |  1
Top