2022 оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2 дахин бууруулж, 2.6% болголоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 25

Монголбанк энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг 2.5 нэгж хувиар бууруулан, 2.6 хувьд хүргэж тооцож буйг Ерөнхий эдийн засагч Д.Ган-Очир хэллээ.

Өнгөрсөн сарын 28-ны өдөр  Монголбанкнаас эдийн засгийн төлөв, санхүүгийн зах зээлийн нөхцөл байдлын  талаар мэдээлэл хийж, 2021 онд ДНБ-ий өсөлтийн хэмжээ өөрсдийнх нь төсөөллөөс уруудсан шалтгаануудыг нэрлэсэн. Энэ үеэр 2022 оны эдийн засгийн өсөлтийг 5.1 хувьтай гарна гэж тооцсоноо танилцуулсан юм.

Тэгвэл өчигдөр танилцуулсан мэдээлэлдээ, уул уурхайн түүхий эдүүдийн экспортын сааралт, импортын орцууд ашигладаг салбаруудын үйлдвэрлэлийн сааралт болон импортын өсөлтийн идэвхжил нь эдийн засгийн өсөлтийн төлөвт сөрөг нөлөөлөхөөр байгааг тодотголоо.

Монголбанк 2021 оны 2 сард эдийн засгийн өсөлтийг 5.8 хувь гэж төсөөлсөн ч 2021 оны эцсийн урьдчилсан гүйцэтгэлээр эдийн засгийн өсөлт 1.4 хувь гарсан. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалт хүлээлтээс давж өсөлтийг дэмжсэн нь эерэг өөрчлөлт байсан ч  өрхийн хэрэглээ хүлээлтэнд хүрч сэргэсэнгүй, хилийн боомт дээрх тээвэрлэлт удааширч, экспорт буурсан нь эдийн засгийн өсөлтөд сөрөг нөгөөллийг үзүүллээ гэж Төв банк тайлбарласан юм.

2021 оны эдийн засгийн өсөлтийг бодит байдлаас гурав дахин өсгөж, таамагласан Төв банк энэ онд эдийн засаг 5.1 хувь өснө гэж төсөөлсөн ч эхэнд дурдсанчлан таамгаа хоёр дахин бууруулж, шинэчиллээ.

Дашрамд сануулахад, Монголын банкны холбооноос гаргасан сүүлийн тоймд,  2022 онд эдийн засаг 4-5 орчим хувьд өсөхөөр байна гэж таамагласан байгаа юм.

Тоймд, Өсөлтийг сааруулж байгаа хүчин зүйлс нь дотоодын цар тахлын нөхцөл байдал, гадаад худалдаан дээр үүссэн гацаа зэргийг дурдаж болохоор байна. Энэ хэвээрээ импортын гацаа үргэлжлэх нь өргөн хэрэглээний барааны нийлүүлэлтийг бууруулж, улмаар үнийн өсөлт цаашид эрчимжих эрсдэлтэй байна. Сүүлийн 2 жил гаруй хугацаанд цар тахлын хүнд нөхцөлд бодит сектор нэлээд хүндэрсэн. Тус нөлөө нь ирэх жилүүдэд санхүүгийн секторт хүчтэй нөлөөлөх магадлалтай байна. Тиймээс эдийн засагт үүсээд буй хүндрэлүүдийг бодлогын түвшинд шийдэх, тохируулга хийх нь үүсэж болзошгүй эрсдэлийг бууруулах ач холбогдолтой байна гэж үзсэн байна.

 

ҮСХ-ноос танилцуулсан ДНБ-ий мэдээллийг хүргэхэд:

Үйлдвэрлэлийн аргаар тооцсон Дотоодын нийт бүтээгдэхүүн 2021 онд оны үнээр 43 их наяд төгрөг болж, өмнөх оноос 5.6 их наяд төгрөг буюу 14.9 хувь,  харин 2015 оны зэрэгцүүлэх үнээр 27 их наяд төгрөг болж, өмнөх оноос 0.4 их наяд төгрөг буюу 1.4 хувиар өссөн байна.

ДНБ-ИЙ ӨСӨЛТ, БУУРАЛТ, хувиар (2015 оны зэрэгцүүлэх үнээр, өмнөх оны мөн үеэс)



Дотоодын нийт бүтээгдэхүүн 2020 онд 4.6 хувиар буурсны -1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, -3.0 нэгж хувийг үйлчилгээний салбар бүрдүүлж байсан бол 2021 онд 1.4 хувиар өссөний 1.8 нэгж хувь нь үйлчилгээний салбарт, 1.3 нэгж хувь нь бүтээгдэхүүний цэвэр татварт ногдож буй аж.

Тодотгоход, Үндэсний статистикийн хороо Дотоодын нийт бүтээгдэхүүнийг НҮБ-ын Статистикийн комиссоор баталсан, олон улсын аргачлалын дагуу гурван аргаар тооцож гаргадаг.

Гурван аргаар тооцох нь  илүү нарийвчлах, хооронд нь уялдаа холбоотой байлгах, алдаагүй тооцсон гэдгээ хянах боломжийг  өгдөг гэж статистикчид тайлбарладаг.  Өөрөөр хэлбэл, Дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг үйлдвэрлэлийн аргаар тооцохдоо буруу тооцсон байна уу гэдгээ шалгах боломж бүрддэг. Хэрэглээн дээр эсвэл орлого дээр дутуу тооцсон байна уу гэдгээ хянах боломжтой. Эцсийн ашиглалтын арга, орлогын аргаар тооцоод,  уялдуулж шалгадаг.   Гурван тооцоогоо баланслуулж, “Нөөц ашигласны хүснэгт” гаргадаг гэсэн мэдээллийг өгдөг.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(203.91.115.53) 2022 оны 03 сарын 26

Таарсан юм даа, зайлуул. Бодлогын хүүгээ нэг амьсгаагаар 2.5 нэгжээр нэмдэг, жилийн өсөлтийн төлвийг мөн нэг дор 2 дахин бууруулж бодлогоо барьж суудаг улс манайхаас өөр бий болов уу? Одоо хаашаа юм иргэдийн амны салхийг харж байгаад нөгөөдөр гэхэд өсөлтийг 3 дахин өсгөх юмуу? Ийм бодлого гэж байдымуу?

0  |  0
Top