ГОЛОМТ БАНК: Иргэдэд ам.доллар ХУДАЛДАХГҮЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 03 сарын 29

Төгрөгийн ам.доллартай харьцах Төв банкны албан ханш 2927.22 төгрөг байна. Ам.долларын ханшийн өсөлттэй зэрэгцэн Монгол Улсын гадаад валютын нөөц эрчимтэй буурч, арилжааны банкууд ам.долларын шилжүүлэгтээ лимит тогтоогоод буй.

Тэгвэл өнөөдрийн байдлаар Голомт банкнаас тодруулахад, “Иргэдэд ам.доллар худалдахгүй” гэсэн хариулт өглөө.

Тодотгоход, Монгол Улсын гадаад валютын нөөц оны эхнээс хойш буюу нэг улирлын хугацаанд тэрбум ам.доллароор буурсныг Монголбанкны ерөнхийлөгч мэдэгдсэн. Түүнчлэн импортоор дамжин гадагш урсах валютын хэмжээнд анхаарч, экспортоо нэмж байж валютын нөөцөө өсгөх тал дээр ажил хийе гэсэн байр суурийг илэрхийлж буй юм.

2021 онд Монгол Улс нийт экспортоор 8.5 тэрбум ам.доллар олсны 92 хувь нь зэс, нүүрс, төмрийн хүдэр, алт зэрэг уул уурхайн түүхий эдийн орлого байна. Тэгвэл  энэ 2022 он гарснаас хойш  экспортын орлого хэвийн хэмжээнээсээ доогуур буюу нэг, хоёрдугаар сарын байдлаар 2021 онтой харьцуулахад  20 хувиар буурчээ.

Харин импорт өсөлттэй буюу нэг, хоёрдугаар сарын байдлаар 20-30 хувийн өсөлттэй гарчээ. Манай улсын нийт ипортын томоохон хувь буюу 32 хувийг хэрэглээний бараа бүтээгдэхүүн бүрдүүлж байна.

Монгол Улс 2021 онд 7.9 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүн импортоор авсны 2-3 тэрбум ам.доллар нь хэрэглээний бараа байжээ. Үүн дотор 500-600 сая ам.доллар нь суудлын автомашин, тэрдундаа “Ланд Круйзер-300”, “Лексус-600” зэрэг  тансаг гэх ангиллын бараанууд импортод нэлээн их хувийг эзэлсэн. Импортын энэ хандлага 2022 онд ч өсөх төлөвтэй байгааг статистик харуулж буйг Монголбанкнаас тодотгосон. Түүнчлэн Монголбанкны зүгээс зайлшгүй биш, хэмнэж болохуйц хэрэглээний импортыг танах арга хэмжээ авахыг, тэрдундаа тансаг хэрэглээний импортыг багасгах тал дээр арга хэмжээ авъя гэдэг саналыг  УИХ, Засгийн газарт,  шийдвэр гаргах төрийн байгууллагуудад тавина гэдгээ мэдэгдсэн.

Сангийн сайд Б.Жавхлан Төв банкны саналыг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top