Энэ долоо хоногт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн тухайн жилийн гүйцэтгэлийн явц болон Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2021 оны хэрэгжилтийг хэлэлцлээ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийг тооцохдоо, Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор батлагдсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт болон захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”-ын дагуу хүрсэн түвшинг хүрэх түвшинтэй харьцуулан бодит гүйцэтгэлийг гаргаж байгаа гэж тайлбарласан. Түүнчлэн Сангийн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайдын үүргийг хавсран гүйцэтгэгч Б.Жавхлангийн өгч буй мэдээллээр, хөтөлбөр 2021 оны байдлаар 74.5 хувь, өссөн дүнгээр 19.5 хувийн хэрэгжилттэй байна гэсэн дүгнэлт гарчээ.
Хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар УИХ-ын гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Тухайлбал, С.Чинзориг гишүүн “Чинээлэг дундаж давхаргыг өргөжүүлнэ, хүүхдийн тооноос хамаарч гэр бүлд татварын хөнгөлөлт үзүүлнэ, цалин тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг жил бүр инфляцтай уялдуулан нэмэх, байгалийн баялгийн өгөөжөөс иргэн бүрд хүртээнэ, экпортыг дэмжиж баталгааны сан байгуулна, ажлын байрыг нэмэгдүүлж, орон сууцны хүртээмжийг нэмэгдүүлэх гэх зэрэг зорилт, түүнийг хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтэд онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” талаар хэлсэн.
Харин Д.Тогтохсүрэн гишүүн ажилгүйдлийн түвшин өндөр, ядуурал нэмэгдэж байгаа гэж үзэж буйгаа илэрхийлээд холбогдох бодит тоон мэдээллийг салбарын яамнаас тодруулсан. Мөн тэрбээр төсвийн нөхцөл байдлын талаар саналаа хэлж, тодотгол хийх эсэхийг тодруулж, төсвийн хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих чиглэлийн бодлого бий эсэхийг Засгийн газрын гишүүдээс тодруулсан.
Б.Жавхлан сайд олон улсын түвшинд үүсээд буй цаг үеийн нөхцөл байдал, түүний Монгол Улсад үзүүлэх нөлөөллийг тооцон төсөв, мөнгөний бодлогод өөрчлөлт оруулах нь зайлшгүй гэдэг хариултыг өглөө. Түүнчлэн нөөцөө хэмнэх, хамгаалах бодлогын арга хэмжээнүүд, арга хэрэгслүүдийг ашиглана гэсэн байр суурийг илэрхийлэв.
Сэтгэгдэл ( 0 )