А.Энхжин: Ойрын хугацаанд 1-2 тэрбум ам.долларын орох урсгал бий болохоор байна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 12

Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин Монголын Эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ валютын зах зээлийн цаашдын төлөв байдлын талаар дараах байр суурийг илэрхийлэв.

“Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% сулраад байна. Өмнө нь ковидын үеийн эрсдэл байсан бол хоёрдугаар сарын сүүлээс ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад гадаад орчны тодорхой бус байдал бидний төсөөлж байгаагүйгээр муудаж байгаа. Үүнээс шалтгаалаад гадаад валютын нөөц, төгрөгийн ханш дээр тодорхой хэмжээний дарамт ирж байна. Гэхдээ төгрөгийн ханшийн сулралт бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад ойролцоо, зарим валютаас сайн үзүүлэлттэй байгаа.

Тухайлбал, хөгжингүй орнуудын нэг Японы иен өнгөрсөн 1 жилийн хугацаанд ам.долларын эсрэг 10 орчим хувиар сулраад байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үндэснийх нь валютад ийм хэмжээний дарамт ирж байхад төгрөгийн хувьд 5.8% гэдэг нь харьцангуй тогтвортой гэж хэлж болохоор үзүүлэлт.

Гэхдээ Монголбанкнаас шаардлагатай бодлогын арга хэмжээг авч байгаа. Хамгийн сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Төгрөгийн харьцангуй өгөөжийг ийнхүү дээшлүүлснээр ханш тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Цаашид ч гэсэн шаардлагатай тохиолдолд бодлогын шийдлээ гаргаад, арга хэмжээ аваад явна.

Нөгөө талаасаа Монголбанкнаас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байна. Өчигдөр /2022.04.06/ УИХ-ын даргын чуулганы хуралдаан дээр мэдэгдсэнээр Монгол Улсад ойрын хугацаанд 1-2 тэрбум ам.долларын орох урсгал бий болохоор байна.

Нэгдүгээрт, арилжааны банкууд гаднаас тодорхой хэмжээний эх үүсвэр оруулж ирэхээр ажиллаж буй. Мөн уул уурхайн томоохон компаниуд болох “Оюу Толгой”, “Эрдэнэс Таван Толгой”, “Эрдэнэт Үйлдвэр” эдийн засгийн хүндрэлтэй цаг үед нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хэмжээний валютын урсгал бий болгохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд нөөц нэмэгдэж, ханш тогтворжино гэж харж байна.

Бидний төсөөлж байгаагаар гадаад орчны тодорхой бус байдал хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй ч. өмнөд хил дээрх хүндрэлтэй асуудлуудыг Засгийн газраас ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр дөрөвдүгээр сардаа багтаагаад нүүрсний уртын тээврийг эхлүүлснээр борлуулалт нь тодорхой хэмжээнд нэмэгдэж, орох урсгал сайжирна гэж хүлээж байна. Тиймээс он гарснаас хойш буюу сүүлийн 1-2 сарын хугацаанд үүссэн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр арилна гэж бид харж байна” гэв.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
repot(156.0.212.46) 2022 оны 04 сарын 12

Сайн байна уу сайхан хүмүүс минь\nТөсөлдөө санхүүжилт хэрэгтэй бол,\nДэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу:\n\nayudafinancesa@gmail.com

0  |  0
repot(156.0.212.46) 2022 оны 04 сарын 12

Сайн байна уу сайхан хүмүүс минь\nТөсөлдөө санхүүжилт хэрэгтэй бол,\nДэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбоо барина уу:\nayudafinancesa@gmail.com

0  |  0
Top