Төгрөгийн хуримтлалаа ам.долларт шилжүүлэх гэж яарах шаардлагагүй гэв

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 13

Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны албан ханш 3034.25 төгрөг байна. Өчигдөр гадаад валютын дуудлага худалдаагаар 3034.73  төгрөгийн ханшаар 79 сая ам.доллар нийлүүлжээ.

Харин своп, форвард арилжаагаар банкууд 2 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн форвард хэлцэл байгуулах санал ирүүлснийг, Монголбанк 100% биелүүлжээ.

Төв банк интервенц хийж, ам.доллар нийлүүлж байна гэдэг нь гадаад валютын нөөц төдий хэмжээгээр буурч байна гэсэн үг юм. Ялангуяа эдийн засаг, улс төр, нийгмийн эрүүл мэндийн гадаад шалтгаануудын улмаас хил гаалийн нөхцөл чангарсан нь ам.долларын дотогшлох урсгалыг хумьсан учраас гадаад валютын дуудлага худалдаагаар гарч буй валютын хэмжээ анхаарал татаж буй.

Төв банкны валютын нөөцийг бүрдүүлэхэд алтны салбар чухал нөлөөтэй байдаг. Тэгвэл Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин алт худалдан авалтын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

“Монголбанк өнгөрсөн жил 20.9 тонн үнэт металл худалдаж авсан. Энэ жилийн хувьд 24 тонн алт худалдаж авах хүлээлттэй байна. 20-24 тонн үнэт металл гэдэг нь 1-1.2 тэрбум ам.доллараар нөөцийг нэмэгдүүлнэ.

Одоогийн байдлаар гадаад валютын нөөц 3.3 тэрбум ам.доллар хүрээд байна. Энэ нь манай улсын 6-7 сарын импортын хэрэгцээг хангах буюу олон улсын жишгээр харвал харьцангуй хангалттай түвшин юм. Иргэдэд хандаж хэлэхэд ханш суларна гэсэн хүлээлтээр төгрөгийн хуримтлалаа ам.долларт шилжүүлэх гэж яарах шаардлагагүй. Бидний хувьд нөхцөл байдал тогтворжино гэж үзэж байна.” гэлээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top