Төлбөрийн тэнцэл энэ оны хоёрдугаар сард 230.5 сая ам.долларын алдагдалтай гарлаа гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
Тодотгоход, Төлбөрийн тэнцэл гэж аливаа улсын эдийн засгийн харьяатын гадаад эдийн засагтай буюу эдийн засгийн харьяат бустай тодорхой хугацаанд хийсэн худалдаа, үйлчилгээ, хөрөнгө, санхүүгийн болон бусад урсгалын орлого, зарлагын гүйлгээг системчлэн нэгтгэсэн статистикийн тайланг хэлдэг юм.
Тэгвэл төлбөрийн тэнцлийн урсгал данс оны эхний хоёр сарын урьдчилсан гүйцэтгэлээр 572.2 сая ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеэс 455.5 сая ам.доллароор буюу 4.9 дахин өсжээ.
Төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь валютын ханш чангарч, төгрөг суларсан өнөөгийн нөхцөл байдлын суурь шалтгаан юм.
Төв банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хэлэхдээ “Аливаа улсын гадаад валютын нөөц, ханштай холбоотой суурь нөхцөл нь төлбөрийн тэнцэл байдаг. Төлбөрийн тэнцэл гэдэг нь барааны тэнцэл, санхүүгийн тэнцэл гээд тэнцлүүдээс бүрддэг. Барааны тэнцэл гэдэг нь Монгол Улсаас хэдий хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээг гадагш нь гаргаж байна, импортоор зөрөөд хэдий хэмжээний бүтээгдэхүүн, үйлчилгээ авч байна гэдгээр тодорхойлогддог. Мөн санхүүгийн болон урсгал тэнцэл хэдий хэмжээний мөнгөн урсгал гадагшаа гарч байна. Хэдий хэмжээний мөнгөн урсгал Монгол руу орж ирж байна. Энэ бүгдийн нийлбэрээр Монгол Улсын төлбөрийн тэнцэл гардаг. Төлбөрийн тэнцэл ашигтай байвал валютын нөөц нэмэгддэг, алдагдалтай байвал Монгол Улсаас гарч байгаа гадаад валютын урсгал тэр хэмжээгээр байна гэсэн үг. Ийм алдагдалтай үед валютын нөөц, ханш дээр тодорхой хэмжээний дарамт гарч ирнэ. Суурь шалтгаан ийм байдаг учраас төлбөрийн тэнцэлтэй холбоотой зарим мэдээллийг өгье.
2021 оны байдлаар төлбөрийн тэнцэл 220 сая ам.долларын алдагдалтай гарсан. 2021 оны 1 дүгээр сард Монгол Улсын гадаад валютын нөөц 4.5 тэрбум ам.доллар байсан. Төлбөрийн тэнцлийн 220 сая ам.долларын алдагдал нөлөөлөөд 2022 оны 1 дүгээр сарын 1-нд Монгол Улсын валютын нөөц 4.3 тэрбум ам.доллар болсон. Он гарснаас хойш хоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцлийн алдагдал 500 сая ам.доллар даваад байна.
Оны эхний гурван сарын байдлаар Монгол Улсын төлбөрийн тэнцэл алдагдалтай байна гэдэг нь экспортоосоо илүү импорттой байна. Монгол Улсаас гарч байгаа төлбөр тооцоо, орж байгаа төлбөр тооцооноосоо илүү байна гэдгийг харуулсан үзүүлэлт. Нэгдүгээр сарын байдлаар импорт 40 гаруй хувийн өсөлттэй эхэлсэн. Бидний зүгээс 2021 оны 12 дугаар сард Мөнгөний бодлогын хорооны шийдвэрийг танилцуулж байхдаа, ковидын ард гараад эдийн засаг сэргэхэд, импорт дээр сэргэлт ажиглагдана, 2022 оны төлбөрийн тэнцэл ерөнхийдөө алдагдалтай гарна. Хэдийгээр төлбөрийн тэнцэл алдагдалтай гарч байгаа ч эдийн засагт сэргэлт ажиглагдах юм бол эдийн засаг өсөлттэй гарна гэж танилцуулга хийж байсан. Одоо байдал 12 дугаар сараас хойш нэлээн өөрчлөгдөөд байна. Ковидын дараах эдийн засгийн сэргэлт дээр нэмэгдээд олон улсад болж буй мөргөлдөөнтэй холбоотой хорио цээрийн арга хэмжээнээс эхлээд төвөгтэй сөрөг үзэгдлүүд их бий болж байна... Бид экспортоо нэмж байж валютын нөөцөө өсгөх ёстой. Экспортыг дэмжсэн бодлого дээр ажлаа хийе. Валютын нөөц оны эхнээс тэрбум ам.доллароор буурсан” гэсэн мэдээллийг өнгөрсөн сарын 22-нд өгч байсан.
Үүний дараа буюу дөрөвдүгээр сарын 6-нд Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин Монголын Эдийн засгийн чуулганд оролцох үеэрээ валютын зах зээлийн цаашдын төлөв байдлын талаар дараах байр суурийг илэрхийлсэн юм.
“Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% сулраад байна. Өмнө нь ковидын үеийн эрсдэл байсан бол хоёрдугаар сарын сүүлээс ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад гадаад орчны тодорхой бус байдал бидний төсөөлж байгаагүйгээр муудаж байгаа. Үүнээс шалтгаалаад гадаад валютын нөөц, төгрөгийн ханш дээр тодорхой хэмжээний дарамт ирж байна. Гэхдээ төгрөгийн ханшийн сулралт бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад ойролцоо, зарим валютаас сайн үзүүлэлттэй байгаа.
Тухайлбал, хөгжингүй орнуудын нэг Японы иен өнгөрсөн 1 жилийн хугацаанд ам.долларын эсрэг 10 орчим хувиар сулраад байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үндэснийх нь валютад ийм хэмжээний дарамт ирж байхад төгрөгийн хувьд 5.8% гэдэг нь харьцангуй тогтвортой гэж хэлж болохоор үзүүлэлт.
Гэхдээ Монголбанкнаас шаардлагатай бодлогын арга хэмжээг авч байгаа. Хамгийн сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Төгрөгийн харьцангуй өгөөжийг ийнхүү дээшлүүлснээр ханш тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Цаашид ч гэсэн шаардлагатай тохиолдолд бодлогын шийдлээ гаргаад, арга хэмжээ аваад явна.
Нөгөө талаасаа Монголбанкнаас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байна. УИХ-ын даргын чуулганы хуралдаан дээр /2022.04.06/ мэдэгдсэнээр Монгол Улсад ойрын хугацаанд 1-2 тэрбум ам.долларын орох урсгал бий болохоор байна.
Нэгдүгээрт, арилжааны банкууд гаднаас тодорхой хэмжээний эх үүсвэр оруулж ирэхээр ажиллаж буй. Мөн уул уурхайн томоохон компаниуд болох “Оюу Толгой”, “Эрдэнэс Таван Толгой”, “Эрдэнэт Үйлдвэр” эдийн засгийн хүндрэлтэй цаг үед нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хэмжээний валютын урсгал бий болгохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд нөөц нэмэгдэж, ханш тогтворжино гэж харж байна.
Бидний төсөөлж байгаагаар гадаад орчны тодорхой бус байдал хэсэг хугацаанд үргэлжлэх төлөвтэй. ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдал хэзээ дуусахыг хэлж мэдэхгүй ч. өмнөд хил дээрх хүндрэлтэй асуудлуудыг Засгийн газраас ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байгаа. Тэгэхээр дөрөвдүгээр сардаа багтаагаад нүүрсний уртын тээврийг эхлүүлснээр борлуулалт нь тодорхой хэмжээнд нэмэгдэж, орох урсгал сайжирна гэж хүлээж байна. Тиймээс он гарснаас хойш буюу сүүлийн 1-2 сарын хугацаанд үүссэн нөхцөл байдал тодорхой хэмжээгээр арилна гэж бид харж байна” гэсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )