Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн концессийн гэрээг цуцалж, төрд буцаан авах шийдвэрийг лхагва гарагийн Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан. Тус шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийж, төрд авах үйл ажиллагааг зохион байгуулах Ажлын хэсэг Дархан-Уул аймагт ажилласан талаар онцолсон. Энэ тухай дэлгэрэнгүйг хүргэе.
-Яг ямар үндэслэлээр концессийн гэрээг цуцлах шийдвэр гаргасан юм бэ?
-Уг концессийн гэрээгээр нийт зургаан ажлыг хийж гүйцэтгэсэн байх үүрэг хүлээсэн байдаг. Гэвч энэ үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн гэж үзэж байгаа. Уг гэрээнд заасан жилд 500 мянгаас доошгүй тонн хүчин чадал төмрийн үйлдвэр байгуулах, үйлдвэрийн хүчин чадлыг жилийн 300 мянган тоннд хүргэх өргөтгөл, шинэчлэл хийх зэрэг эцсийн бүтээгдэхүүүн үйлдвэрлэхэд шаардлагатай үндсэн үйлдвэрүүдийг ашиглалтад оруулах ажлуудыг одоо болтол хийгээгүй.
-"Хөтөлийн цемент шохой"- үйлдвэрийн хувьчлалыг саяхан төрд авсан. Тэгвэл төмөрлөгийн үйлдвэр үүнээс ялгаатай юу?
-Хөтөл бол хувьчлагдсан байгаад хувьчлалыг цуцалсан асуудал. Харин Дарханы төмөрлөгийн үйлдвэр одоог болтол анхнаасаа төрийн өмчийн мэдэлдээ байгаа. Гагцхүү концесс эзэмшигч "Кью Эс Си" компани дээр дурдсан үйлдвэрүүдийг барьж байгуулах үүрэгтэй гэрээ байсан. Гэрээний үүргээ биелүүлээгүй учраас концессийг цуцалж байгаа юм. Дээрх үйлдвэрийг хоёр үе шаттайгаар өргөжүүлэн арматур, төмөр утас, ган бөмбөлөг зэргээр дотоодын хэрэгцээгээр бүрэн хангах байсан. Концесс эзэмшигч нь Төмөртэй болон Төмөртолгойн ордоос олборлолт хийн өнгөрсөн хугацаанд 2.8 сая тонн төмрийн баяжмал, 6.8 сая тонн төмрийн хүдрийг экспортолсон байна.
-Тус үйлдвэрийн бичиг баримтад АТГ-аас шалгалт хийж байсан тухай мэдээлэл бий?
-Шийдвэр гаргахад нөлөөлсөн бас нэг үндэслэл нь АТГ-аас энэ сарын 7-ны өдөр Засгийн газарт концессийн гэрээ байгуулах явцдаа олон хууль, тогтоомж зөрчсөн байна гэх утга бүхий мэдэгдэл ирүүлсэн.
-Дарханы төмөрлөгийн үйлдвэр Хөгжлийн банкнаас зээл авсан юм уу?
-Концесс эзэмшигч "Кью Эс Си" компани Хөгжлийн банкнаас зээл авсан болохоос төмөрлөгийн үйлдвэр аваагүй. Тийм учраас уг зээлээ тухайн компани өөрөө төлөх үүрэгтэй.
-Үйлдвэр өнгөрсөн хугацаанд ямар хэмжээний ашигтай ажилласан бэ?
-Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тэнцэл дээр нь хийсэн шинжилгээг бид авч үзсэн. Одоогийн байдлаар багагүй хэмжээний алдагдалтай ажиллаж байгаа. Харин төрд буцааж авсны дараа санхүүгийн шалгалт, аудит хийх шаардлагатай. Түүгээр ямар хэмжээний алдагдал, ашигтай ажилласныг эцэслэн тодорхой болно. Концессийн гэрээн дээр төмрийн хүдрийн дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад илүүдэлийг экспортолж болно гэсэн нэг заалт байдаг. Энэ заалтын хүрээнд 2.8 сая тонн хагас боловсруулсан баяжмал, 6.1 сая тонн түүхий төмрийн хүдрийг экспортолсон байгаа юм. үүнийг одоогийн ханшаар тооцоход маш их мөнгө гарна. Харин тухайн үеийн ханшаар тооцоход дунджаар 1.4-1.8 их наяд орчим төгрөг байгаа.
-Хөгжлийн банкнаас төрийн өмчит компаниудын авсан чанаргүй зээлийг хэн төлөх вэ?
-Төрийн өмчийн үйлдвэрийн газрууд авсан чанаргүй зээл бараг гуравны нэг хувийг нь эзэлж байгаа. Энэ зээлүүдийг төсөвт шилжүүлнэ, төсвөөс төлнө гэдэг асуудал байхгүй. Тухайн үед ямар зорилгоор авсан юм, түүнийгээ хэрхэн төлнө гэсэн юм. Тэр зарчмаараа л төлөх хэрэгтэй. Хэрэв анхнаасаа төсөл хөтөлбөрөө буруу хийсэн, тэрийг нь Хөгжлийн банкнаас мэргэжлийн бус хандаж алдаа гаргасан бол аль, аль нь хариуцлага хүлээх ёстой. Түүнээс биш татвар төлөгчдийн мөнгөөр төлнө гэсэн ойлголт байж болохгүй. Үүн дээр чиглэлийн яамд нь онцгой анхаарч барагдуулах учиртай.
Тэгэхгүй бол дараа жил Хөгжлийн банкны төлөх ёстой Самурай бондын өр бий. Энэ бонд Засгийн газрын давхар баталгаатай. Хэрэв 1.4 их наядын чанаргүй зээлийг төлж барагдуулахгүй бол Самурай бондыг Засгийн газраас төлөх эрсдэл үүснэ. Ийм эрсдэл үүсгэхгүйн тулд Хөгжлийн банкны чанаргүй зээлүүдэд ойрын хугацаанд дорвитой арга хэмжээ авах учиртай. Одоогоор 150 тэрбум гаруй зээл төлөгдсөн. Чанаргүй зээлдэгчид маань ч идэвхитэй болж эхэлсэн. Тийм болохоор дараа жилийн Самурай бондыг Хөгжлийн банкаар өөрөөр нь төлүүлчих боломж харагдаж байгаа.
-Нүүрсний экспортын төлбөрийг компаниуд Монголбанканд тушаахаар ханшийн зөрүү үүсэхгүй юу?
-Компаниудын хувьд төрийн болон хувийн гээд ялгаатай. Харин манай төрийн өмчийн "Эрдэнэс Тавантолгой" компани бол ам.долларынхаа орлогын нэг ч центийг гадагш нь зарахгүй. Бүгдийг нь Төв банканд зарж байгаа. Энэ долоо хоногийн Засгийн газрын ээлжит хуралдаан дээр ирүүлсэн мэдээллээр Чалко компанийн 280 сая ам.долларын урьдчилгааны эхний төлбөр болох 129 сая ам.доллар орж ирсэн. Үүнийг бүгдийг нь Монголбанканд тушаасан. Мөн ойрын хугацаанд Эрдэнэт үйлдвэрээс 130-аад сая ам.долларын урьдчилгаа орлого орж ирнэ.
Бид Оюу толгой компанитай гаргаж байгаа баяжмалын алтны орцыг тэндээ салгасан ч тэр алтаа Монголбанканд зар гэсэн хэлцэл хийж байгаа. Энэ жилийн хувьд 280-аад сая ам.долларын алт салгаж байгаа юм билээ. Үүн дээр Оюу толгой асуудлаас гадна нааштай байгаа. Харин эцсийн шийдвэр ТУЗ дээр нь яригдаж байж гарна. Мөн баталгаажаагүй ч гэсэн Монголбанкны валютын нөөцийг нэмэгдүүлэх хэд хэдэн эх үүсвэр байгаа. Ингээд ойрын нэг сарын дотор 600-аад сая ам.долларын нөөц орж ирэх боломжтой. Ер нь дунджаар нэг тэрбум ам.долларын урсгал валютын нөөц дээр нэмэгдвэл одоо үүссэн хүндрэлээсээ бүрэн гарах боломжтой. Валютын нөөцөд богино хугацаанд ашиг олох, өөрийн эрсдэлээ бууруулах гэсэн байдал хүндрэл учруулж байгаа гэдгийг хэлье.
Т.ХӨВСГӨЛ
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 0 )