“Кью Эс Си” компани 192 тэрбум төгрөгийг Хөгжлийн банканд эргүүлэн төлнө

Автор | Zindaa.mn
2022 оны 01 сарын 14

“Кью Эс Си” ХХК нь “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах” төслийн хүрээнд Хандгайт өртөөнөөс Төмөртэйн уурхай хүртэл 33.4 км урт төмөр зам болон ачиж, буулгах терминал барих ажлыг санхүүжүүлэх зориулалтаар 2014 онд Монгол Улсын Хөгжлийн банктай зээлийн гэрээ байгуулж, 2015 оны арванхоёрдугаар сард гэрээний нэмэлт, өөрчлөлтөөр 71.3 сая ам.долларын зээлийг авсан байдаг. Тус зээлийн гэрээгээр 2018 оны арванхоёрдугаар сард зээлээ төлж дуусгах заалттай байсан хэдий ч “Кью Эс Си” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулсаар иржээ. Иймд Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж зээлдэгч компаниас зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 200 гаруй тэрбум төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл бичиж шүүхэд хандсан бөгөөд Монгол Улсын Хөгжлийн банк гуравдагч этгээдээр оролцож, гурван шатны шүүхэд тухай бүр Хяналтын журмаар гомдол гарган ажилласан байна. 

Улмаар  “Кью Эс Си” ХХК-аас үндсэн зээлийн үлдэгдэл, үндсэн хүүгийн үлдэгдэл, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдлийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэл гаргасан үеийн ханшаар буюу нийт 192,572,187,590.244 /нэг зуун ерэн хоёр тэрбум таван зуун далан хоёр сая нэг зуун наян долоон мянга таван зуун ерэн/ төгрөгийг Хөгжлийн банканд олгуулахыг өнөөдөр /2022.01.14/ Улсын дээд шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Хөгжлийн банк нь зээлийг зориулалт бусаар ашигласан, санаатайгаар зээл төлөхөөс зайлсхийсэн болон зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан эргэн төлөлтийг хийгээгүй, мөн гэрээний үүргээ биелүүлээгүй аж ахуйн нэгжүүдийн талаар авах шаардлагатай арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж байгаа бөгөөд банкны хэвийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж буй нэр бүхий байгууллагуудыг олон нийтэд ил тод, нээлттэй мэдээлж, цаашид шүүхэд хандаж, хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлүүлэн ажиллах болно гэж Монгол Улсын Хөгжлийн банкнаас мэдээллээ. 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Энжи(192.82.74.86) 2022 оны 01 сарын 15

Их хэмжээний зээл авч ХУЛГАЙ хийчихээд төлөх нь их л бага бнда. Хулгайч нарт хууль сайхан үйлчилдэг цаг дор жаргамой

2  |  0
Зочин(66.181.181.223) 2022 оны 01 сарын 15

QSC компаний цаад эзэн нь Элбэгдорж, сахал Эрдэнэбилэг нар шүү дээ. Улсыг хохиролгүй болгох хүртэл тэдний хөрөнгийг битүүмжилж, банкны дансыг царцаах ёстой. Жирийн иргэн гэмт хэрэг хийсэн бол аль хэдийн шоронд хийж, байр оронг нь битүүмжилж, авгай хүүхдийг нь гудамжинд хөөж гаргаж байгаа.\n

3  |  0
Top