Өнөөдөр Улаанбаатарын "Буянт-Ухаа" спорт цогцолборт Ази тивийн аварга шалгаруулах сонгомол барилдаан, чөлөөт бөхийн тэмцээн эхэлнэ.
Энэ сарын 24 хүртэл үргэлжлэх тус тэмцээн цар тахлын хөл хорионы дараа Монголд зохион байгуулагдаж байгаа хамгийн том тэмцээн юм. Манай улс тивийн аваргын тэмцээнийг 21 жилийн өмнө хүлээн авч байлаа.
Харамсалтай нь, урд хөршид халдвар намжаагүй байгаа тул БНХАУ-ын хүчирхэг шигшээ баг хүрэлцэн ирж чадахгүй болсон. Гэхдээ Улаанбаатарт дэлхийн хэмжээний одод хангалттай ирсэн. Олимпын хүрэл медальт, дэлхийн мөнгө, хүрэл медальт, Азийн наадмын аварга, Энэтхэгийн Бажранг Пуния, Азийн аварга Казахстаны ихэр бөхчүүд Жамила болон Мадина Бакбергенова, дэлхийн аварга Японы Акари Фүжинами, Азийн аварга, Киргизийн буриад бөх Арсалан Будажапов гээд олон хүчтэн Улаанбаатарын дэвжээнд зодоглоно.
Тэдний дундаас хамгийн алдартай нь Олимпын мөнгөн медальт, Дэлхийн хошой аварга Киргизийн Айсулуу Болотовна Тыныбекова билээ.
Ингээд түүний Sputnik агентлагт өгсөн ярилцлагыг орчуулан хүргэе.
-Айсулуу, Токио олимпын мөнгөн медаль хүртэж, Манас одонгоор шагнуулсанд тань баяр хүргэе. Та саяхан Төрийн шагнал хүртэхдээ 2024 оны Парисын олимпод оролцоно гэдгээ зарласан. Ийм шийдвэр гаргахад хэцүү байв уу?
-Токио олимпод түрүүлж чадаагүйдээ их харамссан. Амьдралд минь олон зүйл тохиолдож байсан ч ингэж гашуунаар уйлж байснаа санахгүй байна. Тэр өдрөөс хойш 2024 оны олимпод оролцох уу, үгүй юу гэж удаан дэнсэлж бодлоо. Хоёр жилийн дараах олимпод ороход насны хувьд асуудал байхгүй. Би одоо замналынхаа оргил цэгт ирээд байна. Ийм үед зодог тайлах нь буруу гэж шийдсэн.
-Эцэг эх, багш дасгалжуулагч нар чинь таны шийдвэрийг тэр үед л мэдсэн үү?
-Тиймээ, би хэлээгүй байсан. Багш нар намайг барилдаасай гэж бодож байгаа нь илт байлаа. Харин аав ээж хоёр хөдөө ажил ихтэй болохоор ёслолын дараа шууд тосгондоо харьсан. Тухтай ярилцаж чадаагүй. Тэд охиноо аз жаргалтай байвал ямар ч шийдвэр байсан дэмжих нь ойлгомжтой. Одоо спорт надад аз жаргал бэлэглэж байгаа.
-Парисын олимпод та 30 настай, харин таны гол өрсөлдөгч Японы Юкако Кавай ёстой ид үедээ байх нь.
-Мэдээж өөртөө итгэлтэй байгаа болохоор л би олимпод оролцох шийдвэр гаргасан. Зүгээр оролцох биш түрүүлэх. Олимпын аварга болтлоо хувийн амьдралаа хойш нь тавиад байгаа. Токио олимпод оролцохдоо би гурван сарын өмнө олон нийтийн сүлжээнээс гарсан. Алтан медалийн төлөө ялагдчихаад унтаж чаддаггүй. Тэгээд Instagram, Facebook хуудсаа нээтэл маш их дэмжсэн мэссэж ирсэн байсан. Мөнгөн медалиа шидчихсэн байснаа хүндэтгэлтэйгээр зүүж үзлээ. Ард түмний дэмжлэгийн ачаар энэ медаль надад алтаас илүү үнэтэй болсон.
-Спорт таныг хүчтэй болгосон гэж та ярьдаг. Таны хамгийн харамсалтай ялагдал, бас ялалт юу вэ?
-Би 12 жил барилдаж байна. Хамгийн хүнд ялагдал 2016 оны Риогийн олимпын хүрэл медалийн төлөөх барилдаан. Бүтэн зургаан сар стресст орж, унтаж чадаагүй. Уг нь олимпын медаль авсан бол хувийн амьдралдаа анхаарах төлөвлөгөөтэй байсан юм. Ялалт, ялагдал болгон нэг төрлийн сорилт гэж би боддог. Хамгийн их баярласан нь Казахстанд дэлхийн аварга болсон барилдаан. Багш нарынхаа арван жилийн хөдөлмөр, итгэл найдварыг хариулсан ялалт байлаа. Тусгаар тогтносон Киргиз улсын анхны чөлөөт бөхийн дэлхийн аварга болсондоо бахархдаг. Шагналын тавцанд төрийн дууллаа сонсон, зогсож байхад хүнд хэцүү бэлтгэл сургууль мартагддаг.
-Таны хүүхэд нас хаана өнгөрсөн бэ?
-Би Майлуу-Суу хотод төрсөн ч бага насаа Тендик тосгонд өнгөрөөсөн. Би киргиз ард түмний охин. Хүүхэд нас минь тун сонирхолтой өнгөрсөн гэж би боддог. Ер нь миний амьдрал сонирхолтой. Хэрэв кино хийвэл олон ангитай цуврал болох байх. Их эрч хүчтэй сэргэлэн хүүхэд байлаа. Гэрийн ажлаа ч хийнэ, гадаа тоглож ч амжина. Онц сурна. Их юм үзэж, мэдэхийг хүсдэг ч хөдөө тийм боломж байхгүй. Ямар нэг зүйл дутагдаад байгааг мэдсэн ээж минь хүүхдүүдээ сагсан бөмбөг, волейболын секц, дугуйланд оруулдаг байв.
-Яагаад чөлөөт бөхийн спортод оров?
-Ээж минь спортод дуртай ч өөрөө хичээллэх боломж байгаагүй. Тийм болохоор биднийг спорт хөөхөд дургүйцдэггүй байлаа. Бүгд унтаж байхад ээж бид нар өглөө 5 цагт босоод гүйдэг байв. Дараа нь гэрийн ажлаа хийнэ. Би каратэгийн секцэд бүртгүүлээд байтал манай ангийн Арсен гээд бөх барилддаг хүү намайг “Нарынд охидын тэмцээн болж байна. Чи бүгдийг нь ялж чадна. Хамт явья” гэлээ. Барилдаж үзээгүй байсан ч ахаараа хувцас хэрэглэл авхуулаад очтол түрүүлчихдэг байгаа. Ямар нэг мэх хийгээгүй, яаж ялаад байгаагаа өөрөө ч ойлгохгүй. Дараа нь тэсвэр хатуужил, хөдөөний охины хүч чадлынхаа ачаар ялснаа ойлгосон. Тэмцээн үзэж байсан Бишкекийн дасгалжуулагч нар намайг чөлөөт бөхийн сургуульдаа урилаа. Гэртээ хариад удаан бодсоны эцэст явахаар шийдсэн, аав ээж ч дэмжсэн.
-Алдарт Айсулуу Тыныбекова жирийн үедээ ямар хүн бэ?
-Зарим хүн намайг бөх барилдахаасаа өмнө юу ч хийдэггүй байсан мэт боддог. Би хоол сайн хийж чадна. Хөдөө тосгонд ажил хийж өссөн хүн. Зургаан настайдаа төмс тарьж, долоон настайгаасаа мал малласан. Манайд угаалгын машин байгаагүй. Голоос ус зөөж, халаагаад гараараа угаана. Өглөө, оройдоо үхэр саана.
-Киргизэд бүсгүйчүүдээс хэзээ хуримаа хийх гэж байна гэж асуудаг зуршил байдаг. Ийм асуултад яаж ханддаг вэ?
-Би хувийн амьдралаа дэлгэх дургүй. Одоо надад гэрлэх санал тавьсан олон хүн байна. Цаг нь ирэхээр өөрөө шийднэ.
-Таны хувьд эмэгтэй хүний аз жаргал юунд оршдог вэ?
-Зарим нь нөхөрт гарч, хүүхэд төрүүлэх нь аз жаргал гэж үздэг. Нэг хэсэг нь дуртай ажил, хоббитой байхдаа аз жаргал мэдэрдэг. Хүн болгоны хувьд өөр өөр.
-Та олон нийтийн сүлжээнд киргиз, орос хэлээр бичдэг. Хэн нэг нь танд тусладаг уу?
-Би орос сургууль төгссөн болохоор орос хэлэндээ сайн. Өдрийн тэмдэглэлээ ч орос дээр бичдэг.
-Таныг шүлэг бичдэг гэж дуулсан.
-Аав эгч хоёр шүлэг бичдэг. Онгод орвол би ч бичиж чадна. Гэхдээ өөртөө зориулж бичдэг болохоор миний шүлгийг хэн ч уншаагүй байгаа. Ямар сэдвээр гэдгээ хэлмээргүй байна.
-Хэрэв таны өдрийн тэмдэглэлээр кино хийнэ гэвэл зөвшөөрөх үү?
-Одоохондоо бүх амьдралынхаа талаар ярихад бэлэн биш байна. Зөвшөөрөхгүй.
-Нурбек Изабеков багшийн чинь талаар асуумаар байна.
-Нурбек Изабеков бол миний аав, найз. Гадаадад тэмцээнд орохдоо зөвхөн түүнтэй л хамт явдаг. Тэр бол миний багш, эмч, сэтгэл зүйч, массажчин. Цагийнхаа 90 хувийг шавь нартаа зориулдаг. Би тэдний гэрт долоон жил амьдарсан. Багш маань өөрөө таван хүүхэдтэй хүн.
-Зодог тайлаад юу хийх төлөвлөгөөтэй байна вэ?
-Багш нар минь 12 жилийн турш надтай мэдлэгээ хуваалцсан. Энэ бүхнийг бусдад, дараа үедээ дамжуулах ёстой. Багш нар минь намайг дасгалжуулагч болгохоор бэлтгэж байгаа. Харин би 2024 оны олимпдоо бэлтгэж байна. Олимпын дараа юу болохыг хүлээж байя.
-Хэрэв спорт байгаагүй бол та ямар мэргэжил сонгох байсан бэ?
-Эмч, хуульч хоёрын аль нэгийг сонгох гэж байсан ч сэтгэл зүрх минь спортыг сонгосон.
-Чөлөөт цагаа яаж өнгөрөөх дуртай вэ?
-Бага ч гэсэн чөлөөт цаг гарвал аялах дуртай. Эхний ээлжинд Киргиз орноо бүтэн тойрмоор байна. Идэвхтэй амрах дуртай.
Сэтгэгдэл ( 1 )
arai ch uuruu uher saana gej yriagui baitaidag ,setguulch mani mani mal meddeggui ym uu? uher saana gej mgl hun yridgui unee saana gedeg ym shuu!