Газрын тосны үйлдвэрийн тос дамжуулах хоолойн төлбөрийг “ЭТТ”-н нүүрсээр ТӨЛНӨ

2022 оны 04 сарын 19

Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тосны үйлдвэрийн гацсан тендерийг яаралтай шийдвэрлэнэ гэсэн мэдээллийг энэ сарын эхээр Засгийн газраас өгч байсан.

Тэгвэл өчигдөр /2022.04.18/ Газрын тос боловсруулах үйлдвэрийн “Түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн хамтран ажиллах гэрээнд талууд гарын үсэг зурлаа.

УУХҮЯ-наас энэ оны нэгдүгээр сард мэдээлэл өгөхдөө, тус үйлдвэрийн Тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлэх, инженерчлэл, худалдан авалт, барилга угсралтын ажлыг гүйцэтгэх сонирхолтой компанийн сонгон шалгаруулалтын тендерийг 2021 оны аравдугаар сарын 23-ны өдөр хүлээн авч тендерт шалгарсан компанитай байгуулах гэрээний төслийг боловсруулж байна гэж байсан.

Тэгэхээр уг төслийг хэрэгжүүлэгчээр шалгарсан  БНХАУ-ын Төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компанитай үүнээс гурван сарын дараа гэрээ байгууллаа.

Сануулахад, Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 06-ны хуралдаанаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дамжуулах хоолойгоор тээвэрлэхээр шийдвэрлэсэн. Улмаар УУХҮЯ-наас “Монгол улсад газрын тос дамжуулах хоолойн төслийг санхүүжүүлж, барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах” тендерийг олон улсад нээлттэй зарлаж, тендерт БНХАУ-ын Төрийн өмчит “Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани шалгараад байна.

Төслийг хэрэгжүүлэх гэрээ хүчин төгөлдөр болсноор өргөх, халаах насос бүхий түүхий тос дамжуулах 530 км урт хоолойгоор Дорнод аймаг дахь газрын тосны ордоос түүхий тос тээвэрлэгдэн Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй Газрын тос боловсруулах үйлдвэрийг түүхий эдээр тасралтгүй, найдвартай хангана гэсэн мэдээллийг албаныхан өгч буй.

“Норинко Интернэйшнл Кооперэйшн” компани түүхий тос дамжуулах хоолойг 3 жилийн хугацаанд буюу үйлдвэр ашиглалтад орохоос өмнө барьж гүйцэтгэсэн байх бөгөөд уг ажилд шаардлагатай санхүүжилтийг төслийн барилга угсралтын хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн олборлосон нүүрсээр төлөхөөр гэрээнд тусгажээ. Тус бүтээн байгуулалтын зураг төсөл, инженерчлэл, барилга угсралтын ажлыг “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК-иас удирдан зохион байгуулж,   гүйцэтгэлд хяналт тавьж ажиллах юм байна.

Сануулахад, Газрын тос боловсруулах үйлдвэрийг БНЭУ-ын 1 тэрбум 236 сая ам.долларын зээлээр барьж буй билээ. Манай улс анх зээлсэн 1 тэрбум ам.доллар дээр нэмээд 236 сая ам.долларын зээл авсан бөгөөд үндсэн төлбөрийн төлөлт 2025 оноос хийгдэж эхлэх ёстой юм.

Тус үйлдвэрийг 2022-2023 онд  ашиглалтад хүлээн авна гэх мэдээллийг  Засгийн газраас анх өгч байсан. Гэвч энэ хугацаа хойшилсоор, одоогийн байдлаар 2025 он гэж товлогдоод буй. Гэхдээ үйлдвэрийн цогц бүтээн байгуулалтад шаардлагатай бусад тендерүүд ийм маягаар дуншиж байгаа нь ашиглалтад орох хугацааг улам цаашлуулахаар төлөвтэй л байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top