20 ХОНОГТ: Валютын нөөцөөс хагас тэрбум шахам ам.доллар НИЙЛҮҮЛЖЭЭ

2022 оны 04 сарын 20

Төгрөгийн ам.доллартой харьцах Төв банкны  албан ханш 3056.14 төгрөг байна. Өчигдөр /2022.04.19/  гадаад валютын дуудлага худалдаагаар Төв банк 3055 төгрөгийн ханшаар 75 сая ам.доллар банкуудад нийлүүлсэн. Харин своп, форвард арилжаагаар банкууд 5 сая ам.доллартай тэнцэх төгрөгийн форвард хэлцэл байгуулах санал ирүүлснийг биелүүлээгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Энэ дөрөвдүгээр сар гарснаас хойш Монголбанк нийт 6 удаагийн дуудлага худалдаагаар 444.3 сая ам.доллар зах зээлд нийлүүлжээ.

Тэгвэл Монголбанкнаас өнөөдөр өгсөн мэдээллээр 2022 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн байдлаар Гадаад валютын албан нөөц 3.3 тэрбум ам.доллар буюу  импортын 6.6 сарын хэрэгцээг хангах түвшинд байна.

Тэгэхээр дээр дурдсанчлан, дөрөвдүгээр сарын 1-19-ний өдрийн хооронд валютын дуудлага худалдаагаар гарсан ам.долларын хэмжээ хагас тэрбум ам.доллар дөхжээ. Интервенцээр зах зээлд нийлүүлэгдсэн 444.3 сая ам.долларыг нөөцөөс хасаад тооцохоор, Гадаад валютын албан нөөц 3 тэрбум ам.доллароос доош буучихсан байна.

Гэхдээ 444.3 сая ам.доллар гаргасан Төв банк зөрүүлээд хэдий хэмжээний ам.доллар нөөц дээр төвлөрүүлж чадсан бэ гэдэг асуудал мэдээж чухал.

Өнгөрсөн сарын 22-ны өдөр  Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ханшийн асуудлаар мэдээлэл хийхдээ, гадаад валютын нөөц оны эхнээс 1 тэрбум ам.доллароор буурсныг мэдэгдсэн. Энэ нь төлбөр тооцоо, гадагш урсаж байгаа мөнгөн дүнтэй холбоотой, гадаад төлбөр тооцоо хийхэд шаардлагатай валют Төв банкны нөөцөөс л тодорхой хэмжээгээр гарч байгаа.  Монголбанк банкуудад ам.доллар нийлүүлэхгүй байгаад байна гэсэн зүйл байхгүй, нийлүүлж байгаа. Нэгдүгээр  сараас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд 1.5 тэрбум ам.долларыг нийлүүлсэн, зөрүүлээд экспортлогч компаниудын орлого болох  500 сая ам.долларыг худалдан авсан”  гэж мэдэгдэж байсан юм.

Тэгвэл валютын зах зээлийн цаашдын төлөв байдлын талаар  Монголбанкны Нөөцийн удирдлага, Санхүүгийн зах зээлийн газрын захирал А.Энхжин энэ сарын 7-нд дараах  байр суурийг илэрхийлсэн.

Тэрбээр “Он гарснаас хойш төгрөгийн ханш ам.долларын эсрэг 5.8% сулраад байна. Өмнө нь ковидын үеийн эрсдэл байсан бол хоёрдугаар сарын сүүлээс ОХУ, Украины хооронд үүссэн нөхцөл байдлаас шалтгаалаад гадаад орчны тодорхой бус байдал бидний төсөөлж байгаагүйгээр муудаж байгаа. Үүнээс шалтгаалаад гадаад валютын нөөц, төгрөгийн ханш дээр тодорхой хэмжээний дарамт ирж байна. Гэхдээ төгрөгийн ханшийн сулралт бусад улс орны мөнгөн тэмдэгттэй харьцуулахад ойролцоо, зарим валютаас сайн үзүүлэлттэй байгаа.

Тухайлбал, хөгжингүй орнуудын нэг Японы иен өнгөрсөн 1 жилийн хугацаанд ам.долларын эсрэг 10 орчим хувиар сулраад байна. Дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын үндэснийх нь валютад ийм хэмжээний дарамт ирж байхад төгрөгийн хувьд 5.8% гэдэг нь харьцангуй тогтвортой гэж хэлж болохоор үзүүлэлт.

Гэхдээ Монголбанкнаас шаардлагатай бодлогын арга хэмжээг авч байгаа. Хамгийн сүүлийн Мөнгөний бодлогын хорооны хурлаар бодлогын хүүг 2.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн. Төгрөгийн харьцангуй өгөөжийг ийнхүү дээшлүүлснээр ханш тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байгаа. Цаашид ч гэсэн шаардлагатай тохиолдолд бодлогын шийдлээ гаргаад, арга хэмжээ аваад явна.

Нөгөө талаасаа Монголбанкнаас гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр багагүй ажил хийж байна. УИХ-ын даргын чуулганы хуралдаан дээр  /2022.04.06/ мэдэгдсэнээр Монгол Улсад ойрын хугацаанд 1-2 тэрбум ам.долларын орох урсгал бий болохоор байна.

Нэгдүгээрт, арилжааны банкууд гаднаас тодорхой хэмжээний эх үүсвэр оруулж ирэхээр ажиллаж буй. Мөн уул уурхайн томоохон компаниуд болох “Оюу Толгой”, “Эрдэнэс Таван Толгой”, “Эрдэнэт Үйлдвэр” эдийн засгийн хүндрэлтэй цаг үед нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр томоохон хэмжээний валютын урсгал бий болгохоор ажиллаж байгаа. Үүний үр дүнд нөөц нэмэгдэж, ханш тогтворжино гэж харж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top