1,230.166 хүүхдээс 482 нь л Төрийн санд хуримтлал үүсгэх ХҮСЭЛТ гаргажээ

2022 оны 04 сарын 21

Монгол Улсын 2022 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, болон бусад дагалдах хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг өчигдөр /2022.04.20/ УИХ хийж, хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүллээ.

Төсвийн энэ удаагийн  тодотголын төсөлд нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотойгоор 2022 он дуустал Хүүхдийн мөнгийг иргэдийн гар дээр олгох хэмжээг 100,000 төгрөг хэвээр байлгахаар тусгаж оруулаад байна.

Тодотголын төсөлд уг асуудлыг тусгахдаа “2022 он гарснаар үүссэн олон улсын хямралт нөхцөл байдлын улмаас 2022 оны макро эдийн засгийн төсөөлөл анх тооцон төсөвт тусгаж байснаас өөрчлөгдөхөөр байгаа тул 2022 оны сүүлийн хагас жилд Төрийн сан дахь Хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах боломжийг хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчид мөн олгож, өрхийн орлогыг эрсдэлээс хамгаалах шаардлага үүсээд байна.

2022 оны эхний гурван сарын хугацаанд Хүүхдийн хуримтлалаас мөнгөн хэлбэрээр авах хүсэлт гаргаж, түүний дагуу олгосон тайлан мэдээнээс үзвэл хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчид тухайн хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр авах хэрэгцээ сонирхол өндөр байна гэж дүгнэхээр байна гэж Засгийн газар үзжээ. Тухайлбал, 2022 оны гуравдугаар сард 1,230.166 хүүхдэд Төрийн санд хуримтлал үүсгэснээс 1,229,684 хүүхдийн хуримтлалыг 100 хувь мөнгөн хэлбэрээр олгосон аж.

Тэгэхээр 482 хүүхэд л Төрийн санд мөнгөн хуримтлал үүсгэх хүсэлт гаргажээ.

Тодотгоход, Хүүхэд бүрийг хуримтлалтай иргэн болгох тухай Засгийн газрын “санаачилга” 2022 оны төсвийн тухай болон Ирээдүйн өв сангийн тухай хуулийн дагуу, энэ сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Түүнчлэн 2022 оны төсвийн жилд, нэгдүгээр сарын 1-нээс долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаанд хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг хэвээр бэлнээр авах сонголтыг эцэг эх, асран хамгаалагчдад олгосон  юм. Харин  долоодугаар сарын 1-ний өдрөөс хойш энэ он дуусталх хугацаанд 50,000 төгрөгөөс доошгүй хэсгийг Ирээдүйн өв санд хуримтлуулж үлдсэн 50,000 төгрөгийг бэлнээр авах боломжийг өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд тусгасан юм.

Эрх баригчид энэ  онд дэлхийн зах зээл дэх экспортын гол нэр төрлийн бүтээгдэхүүний үнийн таамаглал, экспортын биет хэмжээний төсөөлөл зэрэгтэй уялдуулан Ирээдүйн өв санд нийт 1,461,737.7 сая төгрөг төвлөрүүлнэ гэсэн тооцооллыг хийж, хуульчлан баталсан.

Тэгвэл төсвийн энэ удаагийн тодотголын төсөлд Ирээдүйн өв санд төсвийн ерөнхийлөн захирагчийн төвлөрүүлэх  орлого болоод зарцуулах  зарлагыг хэрхэн тооцсоныг хүргэе.

 

Одоо мөрдөгдөж буй 2022 оны нэгдсэн төсвийн тухай хуульд:

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар 404,530.8 сая төгрөг төвлөрүүлэхээр тусгасан. Тэгвэл тодотголоор, тус газар нь 535,148.8 сая төгрөг төвлөрүүлэхээр тусгажээ.

Мөн Татварын ерөнхий газар 1,057,206.9 сая төгрөгийг тус санд төвлөрүүлэх үүрэг хүлээсэн байсан бол тодотголын төсөлд 926,588.9 сая төгрөг төвлөрүүлэхээр тооцжээ.

Харин тус сангийн зарлага буюу Хүүхдийн мөнгөнд олгох зардлыг 1,461,737.7 сая төгрөгийг хэвээр тусгасан байна.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(64.119.24.129) 2022 оны 04 сарын 21

uhkuud bgan bol eldev doloo bololgvi zgr l ugchih.tarhi tolgoi ergvvleed baihiin.naadhiig chin avaad hadgalah ni hadgalaad honogiin hooloo bolgoh ni bolgood l yvna shvde enend chin bvhel bvten huulisaad bh yum ogt bhgvi

0  |  0
Top