Сонгинохайрхан дүүргийн гар урлал, оёдолчдын чуулган өнөөдөр /2022.04.21/ “Holiday Inn” зочид буудалд боллоо.
Чуулганд тус дүүргийн 345 мянган иргэний төлөөлөл болсон 300 гаруй оёдолчин, гар урчууд оролцон, туршлага солилцож, цаашдын ажлын зорилтоо тодорхойлсон юм.
Түүнчлэн чуулган дээр “Уран гар-2022” уралдаанд оролцогчдын шилдэг бүтээлээр үзэсгэлэн гаргасан бөгөөд уралдаанд 150 гаруй урлаачийн 500 гаруй бүтээл дэлгэгджээ.
Тус дүүрэгт 3100 гаруй бичил, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчид байгаагийн 2268 нь өрхийн үйлдвэрлэл эрхэлж байна. Үүн дотор 428 оёдлын бизнес эрхлэгч, 250 гар урлаач багтаж байгаа юм.
СХД-ийн дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Дүүргийн хэмжээнд өрхийн амжиргааг болоод бизнес эрхлэгчдээ дэмжих олон ажлыг үе шаттайгаар хийхээр төлөвлөж байна.
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Улсын хэмжээнд анхны гэж болох “Эрэгтэйчүүдийн хөгжлийг дэмжих төв”-ийг байгуулсан.
Дүүргийн хэмжээнд одоогоор "Эмэгтэйчүүдийн хөгжлийн төв", "Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв", "Гар урлал, инновацийн төв", "Нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо"-гоороо дамжуулан ажилгүй болон өрхийн үйлдвэрлэл эрхлэгч нарыг дэмжин ажиллаж байна.
Өнөөдрийн чуулган нь Урт болон дунд хугацааны бодлого хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах, оёмол бүтээгдэхүүний эрэлт ихтэй төрийн болон томоохон аж ахуйн нэгж байгууллагыг оёдлын үйлдвэрлэл эрхлэгчтэй холбох, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, зах зээлийг нь дэмжих замаар хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх зорилготой.
Сонгинохайран дүүрэг нь шилжин ирэгсэд, гэр хороолол ихтэйгээрээ онцлогтой. Хүн ам их байна гэдэг нь дагаад хүний нөөц ихтэй байдаг гэсэн судалгаа бий.
Дүүргийн маань гар урлаачид Улсын чанартай уралдаан тэмцээнд амжилттай оролцож, өөрөө өөртөө ажлын байр бий болгон, баялаг бүтээж чаддаг хөдөлмөрч иргэд байдаг” гэдгийг онцоллоо.
ИРГЭД ХӨДӨЛМӨР ЭРХЛЭЛТИЙГ ДЭМЖИХ САНГААС 10 САЯ ХҮРТЭЛХ ТӨГРӨГИЙН ХҮҮГҮЙ ЗЭЭЛ АВАХ БОЛОМЖТОЙ
ХНХЯ-ны Хөдөлмөр эрхлэлтийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга С.Дамбий: Иргэд 10 сая хүртэлх төгрөгийн хүүгүй зээл авах боломжтой
-Яамнаас хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хөдөлмөрийн харилцааг боловсруулж, хөгжүүлэх бодлогын түвшин хууль эрх зүйн орчныг сайжруулах томоохон ажлуудыг хийж байна. Тухайлбал "Халамжаас хөдөлмөрт" гэдэг зарчмын хүрээнд ажиллаж байна. Үүний гол агуулга нь та бүхэн шиг хөдөлмөр эрхэлж, ашиг орлого олж, сайн сайхан амьдрахыг дэмжих юм. Нийгмийн халамжийн сангаас дэмжлэг авдаг хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай хүмүүсийг хөдөлмөр эрхлүүлэх замаар орлогыг нь нэмэгдүүлэх гол бодлого байгаа. Түүнээс биш хөдөлмөр эрхлэх боломжгүй, чадваргүй байгаа энэ хүмүүсээ нийгмийн халамжийн бодлогоороо дэмжсэн шиг дэмжээд явах бодлого хэрэгжүүлж байна.
Бид “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-гийн хөрөнгөөр тодорхой дэмжлэгүүдийг үзүүлдэг. Ялангуяа та бүхэнд илүү ойр, хүрч байгаа ажил бол банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгодог. Мөн банкаар дамжихгүйгээр барьцаагүй, хүүгүй, эргэн төлөх нөхцөлтэй мөнгөн дэмжлэгийг олгодог.
Энэ жилийн хамгийн гол онцлог нь нэг хүнд олгогддог мөнгөн дэмжлэгийн хэмжээнүүдээ нэмэгдүүлсэн. Өнгөрсөн оны сүүлээр бид Засгийн газрын тогтоолоор журмандаа өөрчлөлт оруулсан. Гол өөрчлөлт өмнө нь та бүхэнд аж ахуй, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг, хувиараа хөдөлмөр эрхэлдэг хүмүүст дээд тал нь 5 сая төгрөгийг барьцаагүй, хүүгүй олгодог байсан. Үүнийг энэ жилээс 10 сая төгрөг болгосон.
Мөн банкаар дамжуулж хувь хүнд 10 сая, аж ахуйн нэгжид 20 сая төгрөгийн зээл олгодог байсныг аж ахуйн нэгжид олгох зээлийг 50 сая, хувь хүнд 20-25 сая төгрөгийн зээл олгохоор болсон.
Энэ жилээс гар утасны аппликейшн ашиглаад зээл авах ажлыг шинээр туршиж байна. Энэ нь нэг сар хүртэлх хугацааны зээлийг аппликейшнаар дамжуулан олгоно. Хамгийн гол нь иргэн та зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн зээлгүй байх ёстой. Апп-аараа зээлээ аваад хугацаанд нь төлөөд, дахин дахин зээлээ авах боломжтой. Энэ бүх ажлыг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аар дамжуулж хийдэг. Энэ сангаас бүх аймаг, дүүрэгт хөрөнгө хуваарилдаг. Сонгинохайрхан дүүргийн хувьд өнгөрсөн онд 1.2 тэрбум төгрөгийг хуваарилсан бол 2022 онд 2.7 тэрбум төгрөг болгож нэмэгдүүлсэн. Тэгэхээр энэ хөрөнгө та бүхэнд илүү хүртээмжтэй очих ёстой. Үүнд дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс зөвлөж, үйлчилгээ дэмжлэгийг үзүүлж ажилладаг.
ЭЭЖҮҮД ХҮҮХДЭЭ ХАРАНГАА АЖЛАА ХИЙЖ, СУРАЛЦАХ БОЛОМЖТОЙ
СХД-ийн "Эмэгтэйчүүд хөгжлийн төв"-ийн захирал М.Сувд-Эрдэнэ: Бид энэ төвийг байгуулаад дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Манай төв нь дүүргийн эмэгтэйчүүддээ эсгий урлал, арьсан урлал, монгол гутал гэсэн гар урлалын чиглэлээр үнэ төлбөргүй сургалт явуулдаг. Одоогийн байдлаар 350 орчим хүнийг сургасан байна. Мөн эмэгтэйчүүдийн төв нь хүүхдээ харж, гэртээ байдаг ээжүүдэд зориулагдсан. Тиймээс ээжүүд сургууль, цэцэрлэгийн хүүхдээ хажуудаа байлгаад ажлаа хийх боломжтой гэдгээрээ давуу талтай.
Бид “Эмэгтэйчүүд хөгжлийн төв”-д суралцаж төгссөн хүмүүсээ бүлгийн системд оруулж, таваас дээш хүнтэй, бүлэг болсон хүмүүсийг “Гар урлал, инновацийн төв” дээрээ зургаан сарын хугацаанд үнэ төлбөргүй бойжуулж өгдөг.
Өрхийн үйлдвэрлэл эрхлэгч Д.Оюун-Эрдэнэ: Дүүргийнхээ оёдолчдын чуулганд хоёр дахь удаагаа оролцож байна. Би эсгийгээр бүтээгдэхүүнээ хийдэг. Одоо оффис гутал түлхүү хийж байна. Өнөөдрийн үзэсгэлэнд пальто, оффис болон гадуур өмсөх, бэлэн улан дээр хийсэн пүүзэн загварын гутлууд авчирлаа. Ер нь бүтээгдэхүүнээ фэйсбүүкээр борлуулж байна.
Би эсгий гар урлалыг хийж сураад 20-иод жил болсон. Эхлээд хүүхдээ харах үедээ ноосон урлалыг гэрээр хийдэг байлаа. Сүүлд нь “Дэлхийн Зөн”-д явуулын багшаар орж, өөрийгөө бататгаж, Японд эсгий гар урлалын үзэсгэлэнд оролцсон. Өөрийн оролдлогоор эсгий урлалыг биечилж сурсан.
Өрхийн үйлдвэрлэлээ тогтвортой ажиллуулж, хөгжүүлэхийн тулд өмнө нь Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл хөөцөлдөж үзсэн. Гэхдээ тэр нь барьцаа шаарддаг юм билээ. Харин энэ чуулган дээр Хөдөлмөр эрхлэлтийн сангийн талаар сонсож байна. Энэ нь барьцаагүй гэж байна. Үүнийг хөөцөлдөж үзье гэж бодлоо. Эндээс зээл авчихвал ноосоо эсгийрүүлэх төхөөрөмж аваад эдгээр хийж байгаа зүйлсээ хийхэд илүү хялбар болно. Одоогоор гэрийнхээ ард жижигхэн ажлын байртай. Тэндээ гэр бүлийн хүнтэйгээ хоёулаа гутал, хувцсаа хийдэг. Бүх зүйлийг гараар хийдэг учраас өдөрт 2-3 гутал гарах боломжтой байдаг.
ЭРЧҮҮД БИЕ БИЕДЭЭ ЧАДДАГ ЗҮЙЛСЭЭ ЗААЖ ӨГДӨГ
“Эрэгтэйчүүдийн хөгжлийн төв”-ийн дарга Я.Баттулга: Манай төв нь Засаг дарга Н.Алтаншагайгийн санаачилгаар өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ашиглалтад орсон. Дүүргээс бидний ажлыг дэмжээд 300 гаруй метр квадрат ажлын байрны түрээсийг шийдэж өгсөн.
Манай төвийн давуу тал нь эрчүүдийнхээ хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, давхар орлого олох тал дээр сургалт явуулдаг. Төв дээр мужаан, дархан, оёдол, эсгий, арьсан гар урлал, монгол гутал гэсэн төрлөөр сургалт явж байна. Ер нь манай төвийн эрчүүд бие биедээ чаддаг зүйлсээ заагаад, дэм дэмэндээ явж байна.
Тэндээс сурсан хүмүүсээ бид мужаан, дарханы үйлдвэр, компаниудад ажилчнаар бэлдэж өгдөг. Манай төвд 200 гаруй хүн гишүүнчлэлээр бүртгэгдсэн. Үүнээс 200-аад хүн нь сургалт, хөтөлбөрт хамрагдсан. 50 гаруй нь мужааны цех, тавилгын үйлдвэр, алт мөнгөний цехтэй, оёдол болон чулуун эдлэлүүдээр биеэ даагаад компани болсон үйлдвэрлэгчид байдаг. Тэд маань бидэнтэй хамтраад эрчүүдээ дэмжиж, хүмүүсээ сонгон шалгаруулж авдаг.
Үүнээс гадна манай төвд сэтгэл зүйч ажиллаж, эрчүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө мэдээлэл өгдөг. Мөн хүмүүсээ урамшуулах зорилгоор бүтээгдэхүүнийг борлуулах дэлгүүр ажиллаж байна.
Өндөр настан Д.Төмөрбаатар: Би дөрөвдүгээр цахилгаан станцид насаараа ажиллаад тэтгэвэрт гарсан. Түүнээс хойш төмрөөр эд зүйл хийх санаа төрж, тулга хийж эхэлсэн. Одоо дүүргийнхээ эрчүүдийн хөгжлийн төв дээр ажиллаж байна. Над дээр сурч мэдье гэсэн чин хүсэлтэй хүмүүс ирвэл чаддаг бүхнээ заагаад л өгнө.
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ОЁДОЛЧИН, ГАР УРЧУУДЫН БҮТЭЭЛ
Сэтгэгдэл ( 0 )