Хаврын дунд сарын шинийн наймны Балжиннямтай билэгт сайн өдөр /2023.03.29/ Сонгинохайрхан дүүргийн “Гэрлэх ёслолын өргөө” үүд, хаалгаа нээж, анхны хосууд хуримаа хийн, гал голомтоо бадраалаа.
Дүүргийн гэрлэх ёслолын өргөөнд 31-р хорооны залуу хос Ц.Батболд, Д.Отгонцэцэг, 3-р хороонд 59 жил ажиллаж, амьдарсан, 8 хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн, 48 жил ханилсан О.Нямаа, Н.Норжмаагийн Алтан хуримын ёслолын үйл ажиллагааг зохион байгуулж, хүндэтгэл үзүүллээ.
Гэрлэх ёслолын өргөөг нээж Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай, ДИТХ-ын дарга Б.Хуягбаатар нар үг хэллээ.
Тус өргөөг Засгийн газрын гишүүн, УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарын санаачилгаар Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойг тохиолдуулан байгуулсан.
Гэрлэх ёслолын өргөөнд цаашид гэр бүлийн хөгжлийн чиглэлээр томоохон төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж, мэргэжлийн гэр бүлийн сэтгэл зүйн зөвлөгөө мэдээллийг үнэ төлбөргүй өгөх, хууль эрх зүйн мэдлэг мэдээлэл олгох зэрэг ажлууд хийгдэх юм.
Мөн хуримын ёслолын үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлж, зорилтот бүлгийн болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, олон нийт, дүүргийн төрийн болон төрийн бус байгууллагын албан хаагчдад хөнгөлөлттэй үнээр үйлчилгээ үзүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулахаар төлөвлөж байна.
Ийнхүү дүүрэг маань “Гэрлэх ёслолын өргөө”-тэй болж, мянга, мянган хосууд гал, голомтоо бадрааж, гэрлэлтээ ёслол төгөлдөр батлуулах боломж бүрдэж буйд талархаж байна.
Өнөөдрийн гэрлэх ёслолын хүндэтгэлийн ажиллагааг “Нийслэлийн гэрлэх ёслолын ордон” хамтран зохион байгуулсанд талархал илэрхийлье хэмээн Сонгинохайрхан дүүргээс мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )