ТӨСӨВ 2022: Нүүрсний экспортын тооцооллыг 36.7 сая тонноос 18 сая тонн болгож БУУРУУЛЛАА

2022 оны 04 сарын 22

Эрх баригчид энэ оны улсын төсвийг батлахдаа уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.2 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тухайлбал, 36.7 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан.

Тэгвэл Засгийн газраас өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж буй 2022 оны төсвийн тодотголын төсөлд уул уурхайн салбараас төсөвт төвлөрүүлэх  нийт орлогыг  4,066.3 сая  төгрөг байхаар тооцжээ.

УИХ-аас анх баталсан 2022 оны төсөвт тусгаж баталсан нүүрсний экспортын биет хэмжээг тодотголын төсөлд 2 дахин бууруулж тооцсон байна. Тодруулбал, 36.7 сая тонноос 18 сая тонн болгож бууруулж тусгажээ.

Тодотгоход, 2022 оны төсвийн тодотголын төсөлд энэ оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 15.5 их наяд төгрөг байхаар тооцоод байна. УИХ-аас 2022 оны нэгдсэн төсвийг анх  батлахдаа орлогыг 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьд байхаар тооцсон юм.

Тэгэхээр батлагдсан дүнтэй харьцуулахад, орлогын тооцооллыг 245.3 тэрбумаар бууруулж тооцсон байна гэсэн үг.

Үүнд, уул уурхай, газрын тосны орлого, автобензин, дизель түлшний онцгой албан татварын орлого буурсан нь голлон нөлөөлж байна.

Уул уурхайн салбарын тухайд авч үзэхэд, БНХАУ-аас хилийн боомтоор тээвэрлэлт хийх үеийн халдвар, хамгааллын дэглэмийг чангатгаж, хязгаарлалт тавьсантай холбогдуулан хилээр нэвтрэх нүүрсний машины тоо буурч, улмаар энэ оны гуравдугаар сарын байдлаар 2.5 сая тонн нүүрс экспортлоод байна. Оны эцэст нүүрсний экспорт анх төлөвлөсөн 36.7 сая тонн гэсэн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсээд байна гэж Засгийн газар үзлээ.

Иймд Гашуунсухайт боомтоор нэвтрэх машины тоог нэмэгдүүлэх, Шивээхүрэн боомтыг ойрын хугацаанд нээж, хэвийн горимд шилжих нөхцөлийг бүрдүүлж, хилээр нэвтрэх нүүрс ачсан машины тоог нэмэгдүүлснээр, нийт 18 сая тонн нүүрс экспортолно гэж тооцжээ.

Ингэснээр эхэнд дурдсанчлан  уул уурхайн салбарын нийт орлогыг бууруулан тооцож, төсвийн нийт орлогын 25 орчим хувийг бүрдүүлнэ гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(66.181.188.88) 2023 оны 08 сарын 11

Britain issued a license for gas payments to Gazprombank and its subsidiaries

0  |  1
Top