Хүүхдийн эрх зөрчсөн эцэг, эхийн дансанд ХҮҮХДИЙН МӨНГӨ ШИЛЖҮҮЛЭХГҮЙ

Автор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 22

Хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ хүчирхийлсэн эцэг, эхийн дансанд хүүхдийн мөнгийг шилжүүлэхгүй. Харин тухайн хүүхдийн хадгаламжийн данс руу шилжүүлэх эсвэл асран халамжилж буй эмээ, өвөө, ах эгч рүү нь шилжүүлэх зохицуулалтыг Хүүхдийн мөнгөний журамд оруулжээ. 

"Ингэснээр хүүхдийн хүчирхийллийн нэлээд олон кейсийг үр дүнтэй шийдвэрлэж байна" хэмээн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа цахим хуудсандаа нийтэлсэн байна. 


Хүүхдийн мөнгөн хуримтлалыг Төрийн санд байршуулан хуримтлуулах, бүртгэх, мөнгөн хэлбэрээр олгох ЖУРАМ-д: 


5.2.Нийгмийн халамжийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах тохиолдолд хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоох шийдвэр гаргана:
      5.2.1.регистрийн дугаар давхардах болон өөр бусад шалтгаанаар хүүхдийн мөнгөн хуримтлалаас илүү олгогдсон;
      5.2.2.эцэг, эх, асран хамгаалагч нь сураггүй алга болсон;
    5.2.3.эцэг, эх, асран хамгаалагч нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх үүргээ үл биелүүлсэн, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн талаар хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан орон нутгийн байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн дүгнэлт гарсан.

5.3.Энэ журмын 5.2.1-д заасан тохиолдол үүссэн бол дараа сарын мөнгөн олголтоос суутгана.

5.4.Энэ журмын 5.2.2-т заасны дагуу түр зогсоосон тохиолдолд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоосон харьяа сум, дүүргийн Засаг даргын захирамжийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.

5.5.Энэ журмын 5.2.3-т заасны дагуу мөнгөн олголтыг түр зогсоосон тохиолдолд орон нутгийн хүүхэд, гэр бүлийн хөгжлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн эрхийн улсын байцаагчийн гаргасан дүгнэлтийг үндэслэн хуримтлалыг мөнгөн хэлбэрээр олгохыг түр зогсоосон хугацаанаас тооцож үргэлжлүүлэн олгоно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top