Төсвийн тодотголын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай болон бусад хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганаар хэлэлцэх үеэр Гадаад худалдааны агентлаг байгуулах тухай тогтоолын төсөл яагаад дэмжигдсэнгүй вэ гэдэг асуудал хөндөгдлөө.
Сүүлийн жилүүдэд гадаад худалдаа хоёр дахин буурсан дүнтэй байгаа. Гадаад худалдааг эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалтыг татахад энэ агентлаг чухал үүрэгтэй биш үү гэж С.Чинзориг гишүүн Төсвийн байнгын хорооны даргаас лавлалаа.
Харин Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, нийтээрээ хэмнэе, төр данхайж байна гээд Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийг оруулж ирсэн атлаа агентлаг нэмж байгуулах гэж оруулж ирснийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжээгүй.
Төсвийн тодотголыг харахад агентлаг нэмэхээр хөрөнгө төсөвлөөгүй байна. Тиймээс энэ асуудлыг ирэх оны төсөвт багтаан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн. Одоо агентлаг байгуулаад гадаадын хөрөнгө оруулалт шууд нэмэгдээд ирэхгүй. Харин эдийн засаг, хууль эрх зүйн орчноо сайжруулах гэх мэт авах арга хэмжээнүүд бий гэсэн хариултыг өгөв.
Сэтгэгдэл ( 0 )