Эрх баригчид экспортын тооцооллоо бууруулсан ч үнийн өсөлтөд найдсан хэвээр байна

2022 оны 04 сарын 26

УУХҮЯ-наас өгч буй сүүлийн мэдээллээр, энэ сарын 15-21-ний өдрүүдэд авто замаар 3,141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс хойш экспортод гаргасан нүүрсний нийт хэмжээ 3,342.0 мянган тонн болоод байна.

 

Энэ нь өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад чамлахаар бага үзүүлэлт юм.

Учир нь Монгол Улс ковидын нөхцөл байдлаас үүдэн амаргүй нөхцөл байдалд байсан 2021 оны 1-3 дугаар сарын хооронд 6.7 сая тонн нүүрс экспортод гаргаж байсан.

Харин энэ оны 1-3 дугаар сарын хооронд 2.5 сая тонн нүүрс л экспортод гаргаж чадлаа. Дөрөвдүгээр сар гарснаас хойш 800 орчим мянган тонныг гаргажээ.

Нүүрсний экспортын биет хэмжээ болон орлогын үзүүлэлтийг гуравдугаар сарын байдлаар өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад, биет хэмжээ нь 4.2 сая тонноор бууралттай. Харин үнийн дүнгийн хувьд өмнөх оны түвшиндээ байгаа нь дараах графикаас харагдаж байна.



Хэдий тийм ч экспортын биет хэмжээгээ өсгөж чадахгүй байгаа нь эдийн засагт, төсвийн орлогод эрсдэл дагуулах юм.

Тодотгоход, эрх баригчид энэ оны улсын төсвийг батлахдаа уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.2 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тухайлбал, 36.7 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан.

Харин төсвийн энэ удаагийн тодотголын төсөлд нүүрсний экспортын биет хэмжээг 2 дахин бууруулж,  18 сая тонн байхаар тусгаад байна.

Тодотгоход, 2022 оны төсвийн тодотголын төсөлд энэ оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 15.5 их наяд төгрөг байхаар тооцоод байна. УИХ-аас 2022 оны нэгдсэн төсвийг анх  батлахдаа орлогыг 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьд байхаар тооцсон юм.

Тэгэхээр батлагдсан дүнтэй харьцуулахад, орлогын тооцооллыг 245.3 тэрбумаар бууруулж тооцсон байна гэсэн үг.

Үүнд, уул уурхай, газрын тосны орлого, автобензин, дизель түлшний онцгой албан татварын орлого буурсан нь голлон нөлөөлж байна.

Уул уурхайн салбарын тухайд авч үзэхэд, БНХАУ-аас хилийн боомтоор тээвэрлэлт хийх үеийн халдвар, хамгааллын дэглэмийг чангатгаж, хязгаарлалт тавьсантай холбогдуулан хилээр нэвтрэх нүүрсний машины тоо буурч, улмаар энэ оны гуравдугаар сарын байдлаар 2.5 сая тонн нүүрс экспортолсныг эхэнд дурдсан. Оны эцэст нүүрсний экспорт анх төлөвлөсөн 36.7 сая тонн гэсэн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсээд байна гэж Засгийн газар үзээд байна. Иймд Гашуунсухайт боомтоор нэвтрэх машины тоог нэмэгдүүлэх, Шивээхүрэн боомтыг ойрын хугацаанд нээж, хэвийн горимд шилжих нөхцөлийг бүрдүүлж, хилээр нэвтрэх нүүрс ачсан машины тоог нэмэгдүүлснээр, нийт 18 сая тонн нүүрс экспортолно гэж тооцож буй юм.

Гэхдээ эрх баригчдын хувьд нүүрсний экспортын биет хэмжээ буурсан ч, үнийн өсөлтөөр алдагдлаа нөхнө гэх найдвар тээсэн хэвээрээ байгаа нь төсвийн тодотгол дахь орлого, зарлагын тооцооллоос нь харагдаж буйг тодотгоё.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top