₮39.1 тэрбумыг хэмнэх Төрийн хэмнэлтийн бодлогын ЗАДАРГАА

2022 оны 04 сарын 26

Монгол Улсын 2022 оны нэгдсэн төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлснээсээ хойш 4 сар хүрэхгүй хугацааны дотор хоёр дахь удаагаа тодотгол хийгдэх гэж байна. Эхний тодотголын хүрээнд, ахмад настны тэтгэврийг нэмэгдүүлэх шийдвэрийг хуульчлан баталсан бол энэ удаагийн тодотгол нийгэм, эдийн засагт үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор төсвийн орлогоо бодитой тооцож, зарлагаа хэмнэлтийн горимд шилжүүлэхэд чиглэж буй гэж эрх баригчид тайлбарлаж байгаа.

 

Тэгвэл Засгийн газраас өргөн барьсан тодотголын төслийг харвал, 2022 оны төсвийн орлого анх батлагдсанаасаа 245.3 тэрбум төгрөгөөр буурах бол зарлага нь 246 орчим  тэрбумаар буурахаар тооцоолсон байгаа юм.

 

УИХ-аас 2022 оны нэгдсэн төсвийг анх  батлахдаа:

 

  •     Орлогыг 15,771.7 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.7 хувьд
  •     Зарлагыг 18,158.8 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.8 хувьд байхаар тооцсон юм.

 

Харин төсвийн тодотголын төсөлд:

 

  •     Төсвийн орлогыг 15,526.4 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 33.3 хувьд
  •     Зарлагыг 17,913.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 38.4 хувьтай тэнцүү байхаар тооцоод байна.

 

Засгийн газраас  2022  оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа бодлогын гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Төрийн хэмнэлтийн бодлого.

Хэмнэлтийн бодлогын  арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагын зарим зардал, арга хэмжээг бүрэн болон хэсэгчлэн зогсоох замаар төсвийн жил дуустал 39.1 тэрбум төгрөг хэмнэнэ гэж тооцжээ.

 

Хэмнэхээр тооцсон 39.1 тэрбум төгрөгийн зардлыг задаргааг авч үзвэл:

 

УРСГАЛ ЗАРДЛЫГ БУУРУУЛАХ НИЙТ ХЭМЖЭЭ – 39.1 тэрбум төгрөг

 

  • Байр ашиглалттай холбоотой тогтмол зардал – 3.2 тэрбум
  • Хангамж бараа материалын зардал – 4.1 тэрбум
  • Нормативт зардал – 3.1 тэрбум
  • Эд хогшил, урсгал засварын зардал – 2.3 тэрбум
  • Томилолт, зочны зардал – 0.9 тэрбум
  • Бусдаар гүйцэтгүүлсэн ажил үйлчилгээний төлбөр, хураамж – 13.6 тэрбум
  • Бараа үйлчилгээний зардал – 3.2 тэрбум
  • Татаас – 3.3 тэрбум
  • Засгийн газрын урсгал шилжүүлэг -3.1 тэрбум
  • Бусад ажил олгогчоос олгох бусад тэтгэмж, урамшуулал – 0.2 тэрбум
  • Төрөөс иргэдэд олгох тэтгэмж, урамшуулал – 1.6 тэрбум
  • Нэг удаагийн тэтгэмж, шагнал урамшуулал – 0.3 тэрбум төгрөгийн зардлыг тус тус хэмнэхээр тооцжээ.

 

Түүнчлэн энэ хүрээнд бодлогын ямар арга хэмжээнүүд авахаар тооцсоныг хүргэе.

 

  • Төрийн тусгай албан хаагчаас бусад төрийн албан хаагч дүрэмт хувцас хэрэглэхийг хориглоно.

 

  • Төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагч, төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан хаагчийн албан тушаалын автомашины ашиглалтыг хязгаарлана. Төрийн болон орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины ашиглалтад хяналт тавина.

 

  • Төсвийн хэмнэлтийн бодлогын хүрээнд үргүй зарлагыг бууруулан, томилолтын зардлыг хэмнэх зорилгоор төрийн жинхэнэ болон төрийн үйлчилгээний албан хаагч, түүнчлэн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн ажилтан албан ажлаар агаарын тээврээр зорчих тохиолдолд энгийн ангиллын суудлаар тооцож зардлыг олгох ба үндэсний агаарын тээвэрлэгч нисдэг чиглэлд үндэсний агаарын тээвэрлэгчээр зорчино.

 

  • Бүх шатны төсвийн байгууллагын албан хаагчийн ажиллах орчин, техник хэрэгслийн нийтлэг жишгийг батлуулна.

 

  • Захиргааны зориулалттай барилга байшин шинээр барихгүй.

 

  • Төрийн албан хаагчийн гар утас, шатахууны төлбөр зэрэг бусад хангамжийн зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй. Бүх шатны төрийн албан хаагч, төрийн өмчит, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн албан хаагчийн гар утас болон хэвлэлийн захиалгын төлбөр, шатахуун, дотоодын амралт, сувиллын газарт, эсхүл төрсөн нутагт амрах тохиолдолд замын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй.

 

  • Төрийн тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг агентлаг, УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллага дэд, орлогч даргатай байна.  Бусад Засгийн газрын агентлаг, төсөвт болон төрийн өмчит байгууллагыг орлогч, дэд дарга, захиралтай байхыг хориглоно.  Нийслэлийн Засаг дарга нь хоёр орлогч, аймаг, дүүрэг, сумын Засаг дарга нь нэг орлогчтой байх бөгөөд сайд, агентлагийн дарга зөвлөхгүй байна.

 

  • Төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

 

  • Төсөвт байгууллагыг хэмнэлтийн горимд үргэлжлүүлэн ажиллуулна.

 

  • Хууль тогтоомж, Засгийн газрын албан ёсны шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт, цаг үеийн шинжтэй мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх, сурталчлан таниулахаас бусад зорилгоор байгууллага, хамт олныг сурталчлах, салбарын болон байгууллагын үйл ажиллагаатай холбоотой нэвтрүүлэг, контент, баримтат болон цуврал кино хийх, зочин төлөөлөгч хүлээн авах, бэлэг дурсгалын зардлыг төсвөөс санхүүжүүлэхгүй.

 

  • Төсөвт байгууллагын цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр усны хэрэглээг бууруулж эрчим хүчийг хэмнэнэ гэхчлэн тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.22.50) 2022 оны 04 сарын 26

Японы NHK-ээр Хятадын хөгжлийн зээлийг хөндсөн нэвтрүүлэг гарав. 68 улсаас 8 улс зээлээ төлж чадахгүй байх магадлалтай. Нэг нь Монгол. \nЗээлээ төлөөгүй бол хилийн боомтын эрхээ шилжүүлэх, Хятадын армийн арын хангалтын бааз болно. Гэрээний заалтад гэрээг зөрчвөл зээлийг нэг дор буцаан төлүүлэх тухай заасан.. \nМонгол банк Хятадын ардын банкны свопын өр гэхэд бараг 4 гаруй тэрбум доллар болсон. Өшөө олон өрнүүд байгаа. Шинэ гүүрийг хийхэд хүртэл 200 гаруй сая долларын өр тавьсан. \nХятадад зээлээ төлж чадахгүй эрсдэлтэй орны тоонд орчихсон атал 3 тэрбум долларын зээл нэмж авна гэх.. хэн төлөх вэ?

0  |  0
Цогт(64.119.19.81) 2022 оны 04 сарын 26

No no. Гишүүдийн тойрогтоо гэдэг нэртэй 4 тэрбумыг хасаач ээ

0  |  0
Иргэн(64.119.18.205) 2022 оны 04 сарын 26

Сургууль,цэцэрлэггүй орон сууцууд бариад л олон жил түгжрэл үүсгэлээ.Дарга нар нар амьдралдаа ойртож шийдвэр гаргамаар байна.

1  |  0
Top