Дэлхийн банкнаас манай улсын аялал жуулчлалын салбарын талаар хийсэн шинэ судалгаандаа “Монгол Улсын хувьд жуулчдыг татах онцлог ихтэй, тус салбар цаашид одоогийхоосоо хөгжих боломж ихтэй ч агаарын тээвэр, салбарын уялдаа холбоо зохицуулалтанд гол бэрхшээл тулгарч байна” онцолсон байна.
Ковид цар тахлын дараах тэгш хүртээмжтэй аялал жуулчлалын хөгжлийг дэмжих нь сэдэвтэй уг судалгаанд Монгол Улсын аялал жуулчлалын салбарын гүйцэтгэл, эрх зүйн зохицуулалтын орчин, бодлогын хувилбаруудыг өгөгдөлд суурилсан эдийн засгийн загварчлалын арга барилд үндэслэн шинжилжээ.
Дэлхийн банкны Монгол Улс хариуцсан Суурин төлөөлөгч бөгөөд Менежер Андрей Михнев хэлэхдээ “Ковид цар тахал Монгол Улсын аялал жуулчлалын салбарт ихээхэн нөлөөлсөн. Тус салбар цаашид хөгжих нөөц бололцоо их байгаа бөгөөд байгалийн олон төрлийн тогтоц, нүүдэлчин амьдралын хэв маяг, соёл, түүхийн үнэт өвтэй холбоотой амралт зугаалгын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж, жуулчдыг татах онцлог бүтээгдэхүүн ихтэй. Энэхүү шинэ судалгаа нь илүү хүртээмжтэй, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлогын тэргүүлэх чиглэлийг тодорхойлоход Засгийн газарт туслах зорилготой юм" гэв.
Аялал жуулчлал нь Монгол улсын эдийн засагт тодорхой хувь нэмэр оруулж, 2019 оны байдлаар ДНБ-ий 7.2%, нийт экспортын 6.8%, нийт хөдөлмөр эрхлэлтийн 7.6%-ийг бүрдүүлж байсан байна.
Тодруулбал, Монголын аялал жуулчлалын салбар 2020 онд цар тахлын улмаас уналтанд орохоосоо өмнө 2019 онд хамгийн сайн гүйцэтгэлтэй байсныг Дэлхийн банкны судалгаанд дурджээ.
Евро-Азийн бүс нутгийн төстэй орнууд болон газарзүйн онцлог, эсвэл санал болгож буй аялал жуулчлалын бүтээгдэхүүнээрээ ижил төстэй Евро-Азийн бус бусад орнуудтай харьцуулахад Монгол Улс сүүлийн арван жилд аялал жуулчлалын зах зээлд эзлэх байр сууриа алдаж байна.
Монгол Улсын хувьд амралт зугаалгын аялал жуулчлал өргөжин тэлж, бизнесийн аялал буурсан хэдий ч тус улсад амралт зугаалгаар ирсэн жуулчид бусад ижил төстэй аялал жуулчлалын зах зээлд зарцуулдгаас бага хугацааг зарцуулсан байна.
Засгийн газар тогтвортой, хүртээмжтэй аялал жуулчлалыг хөгжүүлж, Монгол Улсыг “нүүдэлчдийн соёл, аялал жуулчлалын олон улсын зорих газар” болгох зорилт дэвшүүлсэн. Үүний тулд гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхээс өмнө хамгийн өндөр үнэ цэнтэй зах зээл, сегментүүдийг эрэмбэлэх шаардлагатай байж болох юм хэмээн тус тайланд онцолжээ.
Өнгөрсөн 2021 оны эхээр аялал жуулчлалын компаниудын дунд явуулсан аж ахуйн нэгжийн судалгаанд дурдсанаар дэд бүтцийг хөгжүүлэхэд зарцуулсан хөрөнгө нөөц дутагдалтай, агаарын тээврийн протекционист буюу хамгаалах бодлого баримталсан нь салбарын хөгжлийг сааруулж байгаа ажээ. Цаашилбал салбарын хэмжээнд тулгамдсан асуудлын нэг бол маркетингийн төвлөрсөн дэмжлэг, үндэсний аялал жуулчлалын бодлогын хэрэгжилт, уялдаа холбоо дутагдалтай зэрэг бодлого, салбарын уялдаа холбоо, зохицуулалтын асуудал болохыг аялал жуулчлалын салбарын төлөөлөгчид хөнджээ.
Сэтгэгдэл ( 0 )