Ж.Ганбат: Төсвийн хөрөнгө оруулалтаас ₮516.9 тэрбумыг хэмнэхээр тооцсон

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 28

Засгийн газраас  2022  оны төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа бодлогын гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Төрийн хэмнэлтийн бодлого. Хэмнэлтийн бодлогын  арга хэмжээг хэрэгжүүлэх зорилгоор төсөвт байгууллагын зарим зардал, арга хэмжээг бүрэн болон хэсэгчлэн зогсоох замаар төсвийн жил дуустал 39.1 тэрбум төгрөг хэмнэхээр тооцоод буй. Түүнчлэн төсөвт байгууллагуудад хэрэгжүүлэхээр тооцсон хэмнэлтийн бодлогын задаргааг танилцуулан, мэдээлсэн билээ.

Тэгвэл төсвийн хөрөнгө оруулалтын тухайд хэмнэлтийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлэхээр тусгасан талаар Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатын өгч буй мэдээллээс хүргэе.

Тэрбээр “Төсвийн хөрөнгө оруулалтын тухайд хэмнэлтийн хэд хэдэн зарчмыг барьсан. Эхнийх нь нэн шаардлагатай биш төслүүдийн хөрөнгө оруулалтыг хэмнэх. Үүнд оффисын барилга, наадмын талбай, спорт заал, усан бассейн, оффисын тоног төхөөрөмж, их засвар, орон нутгийн тохижилт, нийтийн эзэмшлийн зам талбай гээд нийтдээ 91 төслийн 101.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг нэн шаардлагатай биш гэж үзээд хэмнэхээр оруулж ирсэн.

Мөн ажлын явц, гүйцэтгэлтэй нь уялдуулан энэ онд ашиглалтад орох боломжгүй зарим төслийн санхүүжилтийг хойшлуулах арга хэмжээ авсан. Үүнд 338 төслийн 415.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг хойшлуулан ирэх он руу шилжүүлэхээр шийдвэрлэсэн.

Нийлээд хөрөнгө оруулалтаас 516.9 тэрбум төгрөгийг төсвийн тодотгол дээр хэмнэхээр оруулж ирсэн.

Нийслэл хотын 57 хэсэгт цэцэрлэгийн хүртээмж хүндрэлтэй байгаа учир хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг Засгийн газар ярилцаад эхний ээлжинд Улаанбаатарт 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг тусгасан. Яамнаас орон нутагт хүртээмж харьцангуй гайгүй гэсэн мэдээлэл өгсөн. Тиймээс эхний ээлжинд нийслэл хотод цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг шийдээд, орон нутагт үе шаттайгаар шийдвэрлэнэ” гэв.

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.191.37) 2022 оны 04 сарын 28

Гишүүдийн тойрогоо услах зориулалтын маш үргүй зардал болох 304 тэрбумыг болиочээ.тэгвэл 900 гаруй тэрбум төгрөг хэмнэх боломж байна.гэтэл хөрөнгө оруулалтаа бууруулах гэж тэнэгтэхээ болиоч.шууд 304 тэрбум төгрөг хэмнэх боломж байж байхад хоёрын хооронд юм ярьж ард түмнээ хуурах боль.

0  |  0
Top