Төсвийн тодотголын төслийн эцсийн хувилбарыг танилцуулна

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 29

Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.1-д “нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан саналыг хуулийн төсөлд нэмж тусган эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн төсөл болон хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн тухай танилцуулга бэлтгэх;” гэж заасны дагуу чуулганы нэгдсэн хуралдаанаас гарсан зарчмын зөрүүтэй нэг саналыг хэлэлцлээ.

“Гадаадын зээл тусламжийн ашиглалтын зардлыг 16,400.2 сая төгрөгөөр бууруулсантай холбоотойгоор Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн нэгдүгээр зүйлийн эдийн засгийн үзүүлэлтийн 7-д заасан нэгдсэн төсвийн хөрөнгийн зардлын хэмжээ 2022 онд “4 их наяд 280.3 тэрбум төгрөг” гэснийг “4 их наяд 296.3 тэрбум төгрөг” гэж өөрчлөх” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн 85.7 хувь нь дэмжлээ.

Мөн тус Байнгын хороогоор Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн гурав дахь хэлэлцүүлгийг хийлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асуух, санал хэлэх гишүүн байсангүй. Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1-д заасны дагуу залруулга хийх гишүүн гараагүй тул төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн эцсийн хувилбарыг танилцуулгын хамтаар нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top