2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдтэй холбоотойгоор УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дүгнэлтийг Д.Ганбат гишүүн танилцууллаа.
Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйлд төсвийн тодотгол хийх 5 үндэслэлийг маш тодорхой зааж өгсөн байдаг боловч энэ удаагийн тодотгол ямар заалтыг үндэслэж өргөн баригдсан нь бүрхэг байна гэлээ. Мөн тэрбээр өргөн барьсан төсвийн үндсэн үзүүлэлтүүдийн нэг болох төсвийн урсгал зардал ердөө 39.1 тэрбум төгрөг хэмнэгдэх тооцоо хийжээ. Төсвийн хөрөнгө оруулалтын хувьд энэ онд өргөн барьсан хоёр тодотголын нийлбэр дүнгээр 516.9 тэрбум төгрөгийн арга хэмжээ хасагдсан боловч төсөл арга хэмжээний нийт өртөг 6 их наяд 292.7 тэрбум төгрөгөөс 6 их наяд 90.4 тэрбум төгрөг болж ердөө 200 тэрбум төгрөгөөр л багассан гэв.
Мөн төсвийн тэнцвэржүүлсэн орлого 245.3 тэрбум төгрөгөөр буурч 15.5 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн нийт зарлага ч энэ хэмжээнд буурч 17.9 их наяд төгрөг, харин нэгдсэн төсвийн нийт алдагдлын хэмжээ 2.4 их наяд төгрөг буюу өмнө батлагдсан түвшиндээ хэвээр байх тооцоо хийснээс харвал тодотголд ямар нэгэн дорвитой өөрчлөлт орсонгүй гэж байлаа.
Төсөв сангийн бодлогын уялдааг хангаж, мөнгөний нийлүүлэлт, их наядаар хэмжигдэх хөтөлбөрүүдээ аажмаар хумьж, ажлын байр болон иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, бизнесийг идэвхжүүлэх, инфляцыг дунд хугацааны зорилтот түвшинд тогтворжуулах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн реформ хийх, нийгмийн халамжийг зорилтот бүлгүүдэд чиглүүлэх, худалдааны болон тээвэрлэлтийн өртөг зардлыг бууруулах, гадаадын хөрөнгө оруулалтыг татах зэрэг олон асуудлууд шил шилээ харан шийдлээ хүлээж байна.
Цаашид Монгол Улсын эдийн засаг олон тулгууртай, түүхий эдийн үнийн уналтаас үл шалтгаалж тогтвортой өсөлтийг бий болгодог бүтцийн шинж чанартай реформыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэлээ.
Сэтгэгдэл ( 0 )