ТӨСӨВ 2022: Оны эхний улиралд ₮254.7 тэрбумын алдагдалтай гарчээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

Энэ оны нэгдүгээр улиралд улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн нийт  тэнцэл  254.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

 

Улсын төсөвтэй холбоотой зарим нэр томъёог тодотгоход:

 

  • "Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл" гэдэг нь улсын  нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн нийт зарлагын зөрүүг хэлж буй ойлголт юм.

 

  • "Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого" гэдэг нь  гол нэр төрлийн эрдэс баялгийн тэнцвэржүүлсэн орлого, нэгдсэн төсвийн суурь орлогын нийлбэрээс тухайн төсвийн жилд Ирээдүйн өв санд хуримтлагдсан төсвийн орлогыг хассан дүнг хэлдэг.

 

Төсвийн ОРЛОГО

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого энэ оны эхний улиралд  3,568.0 тэрбум төгрөгт хүрч, орлогын төлөвлөгөө 357.6 тэрбум төгрөгөөр дутуу биелсэн бол өмнөх оны мөн үеэс 940.2 тэрбум төгрөг буюу 35.8 хувиар нэмэгджээ.

Төлөвлөгөөтэй харьцуулахад нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогын төлөвлөгөө тайлант хугацаанд 90.9 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Төсвийн тэнцвэржүүлсэн орлого төлөвлөснөөс 357.6 тэрбум төгрөгөөр дутуу биелэхэд татварын орлого 7.7 хувь буюу 282.3 тэрбум төгрөг, татварын бус орлого 26.9 хувь буюу 75.3 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөснөөс дутуу биелсэнтэй холбоотой байна.

Мөн хугацаанд тусгай зориулалтын орлого болон гадаад үйл ажиллагааны орлогоос бусад төрлийн татварын орлого 3.3-23.6 хувиар төлөвлөснөөс дутуу гүйцэтгэлтэй гарчээ.

Татварын бус орлогын төлөвлөгөө 2022 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр 75.3 тэрбум төгрөгөөр дутуу биелснээр 73.1 хувийн гүйцэтгэлтэй гарсан нь хүүгийн орлого болон төсөвт байгууллагын өөрийн орлогоос бусад төрлийн татварын бус орлого төлөвлөсөнд хүрч биелээгүйтэй холбоотой байна

 

Төсвийн ЗАРЛАГА

Нэгдсэн төсвийн нийт зарлага 2022 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр 3,822.7 тэрбум төгрөгт хүрч 1,248.2 тэрбум төгрөгийн дутуу зарцуулалттай буюу 75.4 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Төсвийн нийт зарлагын гүйцэтгэлийг тайлант хугацааны төлөвлөгөөтэй харьцуулахад 24.6 хувиар дутуу зарцуулагдсан ч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 40.3 хувиар буюу 1,098.5 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Улсын төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээ 2022 оны нэгдүгээр улирлын гүйцэтгэлээр 36.9 хувийн гүйцэтгэлтэй гарч 87.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгогдсон бол концессын эргэн төлөлтөд 63.1 тэрбум төгрөг зарцуулагдаж 28.6 хувийн гүйцэтгэлтэй гарчээ.

Зээлийн үйлчилгээний төлбөр өнгөрсөн оны мөн үеэс 37.2 тэрбум төгрөгөөр өссөн бол тайлант хугацааны төлөвлөсөн дүнгээс 119.4 тэрбум төгрөгийн дутуу гүйцэтгэлтэй гарчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top