Хамран сургах тойргийн хүүхэд элсүүлсэн хувийн цэцэрлэгт хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж олгоно

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 02

Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг өнгөрсөн баасан гарагт /2022.04.29/  УИХ-аас эцэслэн баталсан.

Засгийн газраас Төсвийн тодотголын хүрээнд бодлогын гурван арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх бодлого юм.

Энэ хүрээнд,  “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолоор цэцэрлэгийн хүртээмж багатай, төрийн өмчийн цэцэрлэгт нэмэлт элсэлт авах боломжгүй байршилд төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулж, хамран сургах тойргийн хүүхдийг элсүүлсэн тохиолдолд нэг хүүхдэд ногдох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлсэн дүнгээр хүүхдийн хоолны зардлын хамт санхүүжилт олгохоор шийдвэрлэлээ.

Тодотгоход, “Хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэрэгжүүлэхэд улсын болон нийслэлийн төсвөөс 200 тэрбум төгрөг зарцуулах юм.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийн нөхцөл байдлын талаар хэлэхдээ:

Улаанбаатар хотын хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын насны 145 мянган хүүхэд амьдардгаас 73 хувь нь цэцэрлэгт хамрагдсан. Үлдсэн 38,500 хүүхэд нь цэцэрлэгт хамрагдаж чадаагүй. Ялангуяа нийслэлд цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах  шаардлагатай өндөр ачаалалтай байгаа 57 байршил байдаг. Төрийн өмчийн цэцэрлэггүй 17 хороон  дээр 61 мянган хүүхэд амьдарч байгаагийн 28.000 гаруй нь төрийн болон хувийн хэвшлийн цэцэрлэгт хамрагдсан бөгөөд 33.500 хүүхэд  харьяаллын дагуу төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байна гэсэн тооцоо гарсан. Энэ удаагийн төсвийн хэмнэлтээс гаргаж байгаа 100 тэрбум төгрөгийг нэн тэргүүнд Улаанбаатар хотын 57 байршилд хоёр хүүхдийн нэг нь цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг нөхөхөд онцгойлон анхаарч ажиллана” гэсэн юм.

Нийслэлд улсын цэцэрлэггүй болон улсын цэцэрлэг нь хэт ачаалалтай 74 байршилд амьдарч байгаа 4 хүүхдийн 1-т нь сугалаагаар цэцэрлэгт хамрагдах боломж олдож байна.

Цэцэрлэгийн бүртгэлд бүртгүүлсэн 3-5 настай хүүхдийг улсын хэмжээнд заавал цэцэрлэгт хамруулах бөгөөд хэрвээ хүүхэд улсын цэцэрлэгт хамрагдах боломжгүй бол тус байршилд үйл ажиллагаа явуулдаг хувийн цэцэрлэгт хүүхдээ төлбөргүйгээр хамруулахыг санал болгоно. Ингэснээр 3-5 настнуудыг цэцэрлэгт бүрэн хамруулах боломжийг бий болгоно.

3-5 настай хүүхдүүдийг цэцэрлэгт бүрэн хамруулсны дараагаар 2 настай хүүхдүүдийг цэцэрлэгт хамруулна. Улсын цэцэрлэгийн багтаамж хүрэлцэхгүй бол хамран сургах тойргийн хувийн цэцэрлэгийг төлбөргүйгээр санал болгоно.

Хэрвээ тухайн байршлын хувийн цэцэрлэг нь мөн хүчин чадал нь хүрэлцэхгүй буюу 2 настай хүүхэд өөрийн хамран сургах тойргийнхоо цэцэрлэгт явах боломжгүй болсон тохиолдолд төрөөс түүний эцэг эх, хууль ёсны асран хамгаалагчид нь цэцэрлэгийн хүүхдийн хувьсах зардлыг сар болгоноор тооцож олгоно. Тухайн хүүхдийн хамран сургах тойргийн цэцэрлэгт ор суларч, хамрагдах боломжтой болтол энэ арга хэмжээг үргэлжлүүлнэ гэж тусгажээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top