Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийн зарцуулалтын талаар УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдааны үеэр яригдлаа. Тухайлбал, тус сангийн хөрөнгийг хадгалж буй байдал, Нийгмийн даатгалын сангийн Капитал банканд байршуулсан хадгаламжийн хөрөнгийг холбогдох яам, агентлагийн төсвийн эрх захирагч нар шийдвэртэй арга хэмжээ авч буцаан авах талаар болон Чингис хаан банкны авлагатай холбоотой асуудлыг гишүүд ХНХ-ын сайдаас тодруулсан юм.
Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам Үндэсний аудитын газраас Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны үйл ажиллагааны тайланд аудит хийгээд хязгаарлалттай дүгнэлт гарсан байна. Хуулиар хязгаарлалттай дүгнэлт авах юм бол хариуцлага хүлээдэг. Үүн дээр хэн, ямар хариуцлага, хүлээх вэ гэдгийг тодруулж, хариулт авлаа. Мөн олон акт, албан шаардлага, зөвлөмжүүд, өндөр дүнтэй дүгнэлтүүдийн 90 хувь нь банктай холбоотой буюу Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө мөнгийг банкуудад байршуулаад авч чаддаггүй асуудлууд байна.
Эдгээр банкуудаас хамгийн том нь Капитал банкны 104 тэрбум төгрөгийн авлага 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар 73.9 тэрбумын үлдэгдэлтэй байна. 46 үл хөдлөх хөрөнгийг 22.1 тэрбум төгрөгөөр үнэлэн авчээ. Үүнээс 30 үл хөдлөх хөрөнгийн нэрийг шилжүүлж аваагүй гэж Аудитын тайланд дурьдсан байна гээд яагаад нэр шилжүүлж аваагүй вэ гэдгийг, мөн Чингис хаан банкны авлага 2021 онд 35 тэрбум төгрөгөөр 12 сарын хугацаатай, сар бүр төлөх хуваарь гарсан ч гэрээний үүргээ биелүүлээгүй байна. Үүн дээр хариуцлага тооцсон уу. Бусад банкнуудаас 5.4 тэрбум төгрөгийн авлага өнөөдрийг хүртэл хуримтлагдсан байна. Үүнийг хэрхэн авах вэ гэдгийг тодруулсан.
Мөн Ц.Идэрбат гишүүн Нийгмийн даатгалын сангийн мөнгийг нэр бүхий банкнуудад байршуулах шийдвэр хэзээ гарсан бэ? гэсэн асуулт тавьсан.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга А.Ариунзаяа хариулахдаа:
Нийгмийн даатгалын сангийг мөнгийг 2007 оноос Капитал банканд байршуулж эхэлсэн байдаг. Чингис хаан банканд ч 2007-2008 оноос хойш байршуулж ирсэн байна. Тухайн үедээ Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлд танилцуулаад, сайд нь шийдвэр гаргадаг байсан.
Сүүлийн үед бол сайд нь шийдвэр гаргахаа болиод Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл санал гаргаад, НДЕГ-т байршуулдаг болсон зэрэг өөрчлөлтүүд орсон байдаг.
Нийгмийн даатгалын багц хууль дээр ямар өөрчлөлтүүд оруулж байна вэ гэхээр:
Нэгдүгээрт, Монголбанкны үнэлгээгээр хамгийн өндөр зэрэглэлтэй буюу системийн ач холбогдолтой банканд байршуулна гэдэг тогтолцоог оруулж ирж байна.
Хоёрдугаарт, Одоогийн мөрдөгдөж буй хуулиар Нийгмийн даатгалын сангийн чөлөөт санг арвижуулах гуравхан бололцоо байдаг. Нэг нь арилжааны банканд байршуулж, хүүгийн орлого авах, нөгөө хоёр нь Засгийн газар, Монголбанкны бонд, үнэт цаас худалдан авах гэсэн гурван боломж байдаг. Шинэ хуулиар энэ гурав дээр нэмээд Төрийн сан болон хөрөнгийн захад хөрөнгө оруулах боломжуудыг нэмэлтээр оруулж ирж байгаагаараа онцлогтой байна.
Одоо яагаад Монголбанкны бондыг авч болохгүй байна вэ гэхээр манай хуулиар авч болоод байна. Нөгөө талдаа Монголбанкны тухай хуулиар бол зөвхөн банкуудад бондоо өгч болдог зохицуулалттай байгаа учраас үүн дээр хуулийн зөрчил байна. Тэгэхээр бид хуульдаа өөрчлөлт оруулна.
Өнгөрсөн жилийн хувьд Нийгмийн даатгалын сангаас байршуулах чөлөөт мөнгөн үлдэгдэл гараагүй. Арилжааны банкууд ч гэсэн ковидын үед хүү тооцохгүй байгаа” гэсэн мэдээллийг өглөө.
Сэтгэгдэл ( 0 )