Эдийн засгийг дэмжих арга хэмжээтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газрын өр сүүлийн хоёр жилийн жилийн хугацаанд огцом нэмэгдсэн гэж Дэлхийн банк үзэж байна.
Засгийн газрын өр 2016-2019 оны хооронд ДНБ-ий 20 нэгж хувиар буурч байсан бол 2020 онд 10 нэгж хувиар нэмэгдэж ДНБ-ий 79.5 хувьд хүрчээ. Цар тахалтай холбоотойгоор эдийн засгийг дэмжих чиглэлээр хэрэгжүүлсэн төсвийн болон төсөвтэй адилтгах арга хэмжээний улмаас Засгийн газрын өр 2021 онд ДНБ-ий 81 хувьд хүрсэн байх тооцоололтой байна.
Хятадын Ардын Банктай хийсэн 1.8 тэрбум ам.доллартой тэнцэх своп хэлцлийг оруулан тооцвол нийт өр 2021 оны эцсийн тооцооллоор улам нэмэгдэж ДНБ-ий 92 хувьд хүрч байна. Төсвийн нийт алдагдал 2022 онд тэлснээр өр цаашид нэмэгдэхээр төлөвтэй байгааг дурдлаа.
Түүнчлэн Монгол Улсын Хөгжлийн банкнаас 2023 онд барагдуулах 800 сая ам.долларын өр зэрэг төсөвт дарамт учруулж болзошгүй өр төлбөрүүд нь өрийн дарамтыг нэмэгдүүлж болзошгүй талаар онцолж байна.
Үүгээр зогсохгүй Монгол Улсын Засгийн газрын бондын өгөөжийн зөрүү сүүлийн зургаан сарын хугацаанд өсөх хандлагатай байгаа нь гадаад зах зээлээс эх үүсвэр татах зардал нэмэгдэж байгааг харуулж буйг тодотголоо.
Сэтгэгдэл ( 0 )