УУХҮЯ-ны мэдээллээр дөрөвдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд авто замаар 3,133 чингэлэг, төмөр замаар 550 чингэлэг нүүрс экспортод гаргажээ. Ингэснээр оны эхнээс хойш нийт 3,723.9 мянган тонн нүүрс экспортод гарсан байна.
Сануулахад, дөрөвдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд авто замаар 3,141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг нүүрс экспортод гаргаснаар оны эхнээс хойш экспортод гаргасан нүүрсний нийт хэмжээ 3,342.0 мянган тонн болж байсан. Тэгэхээр нүүрсний нийт экспорт 7 хоногийн хугацаанд 381 мянган тонноор л нэмэгджээ.
Нүүрсний экспортын биет хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад чамлахаар бага байгаа. Учир нь Монгол Улс ковидын нөхцөл байдлаас үүдэн амаргүй нөхцөл байдалд байсан 2021 оны 1-3 дугаар сарын хооронд 6.7 сая тонн нүүрс экспортод гаргаж, мөн оны дөрөвдүгээр сарын сүүлч гэхэд 7,484.4 мянган тонн буюу 7.5 сая тонн дөхсөн хэмжээний нүүрс экспортолж байв.
Гэтэл энэ оны эхний дөрвөн сард экспортод гаргасан нүүрсний хэмжээ 4 сая тоннд ч хүрээгүй байна.
Гэхдээ 2022 он гарснаас хойших өнгөрсөн дөрвөн сарын нөхцөл байдлыг сар сараар авч үзвэл, дөрөвдүгээр сарын тухайд авч үзэхэд өмнөх гурван сарынхтай харьцуулахад нүүрсний экспорт өсөлттэй байлаа.
Энэ оны 1-3 дугаар сарын хооронд 2.5 сая тонн нүүрс л экспортод гаргаж чадсан бол дөрөвдүгээр сард 1.2 сая тонн орчим нүүрс гаргалаа.
Эрх баригчид энэ оны улсын төсвийг батлахдаа уул уурхай, олборлох салбарын орлогыг 4.2 их наяд төгрөг байхаар тооцоолсон. Тухайлбал, 36.7 сая тонн нүүрс, 1.2 сая тонн зэсийн баяжмал, 20 тонн алт, 9.5 сая тонн төмрийн хүдэр, баяжмал экспортод гаргахаар төсвийн тухай хуульдаа тусгасан баталсан.
Харин төсвийн хоёр дахь удаагийн тодотголоор нүүрсний экспортын биет хэмжээг 2 дахин бууруулж, 18 сая тонн байхаар хуульчлан, баталсныг тодотгоё.
БНХАУ-аас хилийн боомтоор тээвэрлэлт хийх үеийн халдвар, хамгааллын дэглэмийг чангатгаж, хязгаарлалт тавьсантай холбогдуулан хилээр нэвтрэх нүүрсний машины тоо буурсан. Тиймээс оны эцэст нүүрсний экспорт анх төлөвлөсөн 36.7 сая тонн гэсэн хэмжээнд хүрэхгүй байх эрсдэл үүсээд байна гэж Засгийн газар үзсэн. Улмаар Гашуунсухайт боомтоор нэвтрэх машины тоог нэмэгдүүлэх, Шивээхүрэн боомтыг ойрын хугацаанд нээж, хэвийн горимд шилжих нөхцөлийг бүрдүүлж, хилээр нэвтрэх нүүрс ачсан машины тоог нэмэгдүүлснээр, нийт 18 сая тонн нүүрс экспортолно гэж тооцсоноо мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )