WORLD BANK: Монголбанк инфляцыг тогтворжуулахад өндөр ач холбогдол өгөх хэрэгтэй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2022 оны 05 сарын 09

Инфляц гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 14.4 хувь, Улаанбаатар хотод 15.8 хувь байна.  Үнийн өсөлтийн эрчим буурахгүй байгаатай холбоотойгоор Төв банк  2020 оны 11 дүгээр сарын 24-нөөс хойш 6 хувьтай байсан Бодлогын хүүг энэ оны 1 дүгээр сарын 31-нд 0.5 нэгж хувиар нэмэгдүүлсэн бол гуравдугаар сарын 24-нд 2.5 нэгж хувиар өсгөж, 9 хувьд хүргэж, мөнгөний бодлогыг хатууруулсан.

Тэгвэл Дэлхийн Банкны Монголыг хариуцсан суурин төлөөлөгч Андрей Михнев “Монгол Улсын хувьд эдийн засгийн өсөлт саарсан, инфляц огцом өссөн, төсөв болон гадаад секторын тэнцвэр ганхсан, өрийн дарамт нэмэгдсэн зэрэг томоохон сорилтуудтай тулгараад байна. Эдийн засгийн тогтворгүй байдал, мөн тулгараад байгаа эрсдэлүүд нь макро эдийн засгийн бодлогод зайлшгүй тохиргоо хийх шаардлагатайг анхааруулж байна. Тухайлбал, инфляцыг мөнгөний бодлогын дунд хугацааны зорилтын хүрээнд тогтворжуулах, Монголбанкны үйл ажиллагааны хараат бус байдлыг хангах, өрийн дарамтыг бууруулахад чиглэсэн төсвийн бодлогыг хэрэгжүүлэх, нийгмийн халамжийг зөвхөн зорилтот бүлгүүдэд чиглүүлэхэд анхаарах нь зүйтэй байна” гэлээ.

Түүнчлэн, Монгол Улс хувьд олон тулгууртай бөгөөд тогтвортой эдийн засгийн өсөлтийг бий болгохын тулд бүтцийн шинж чанартай реформуудыг цаг алдалгүй хэрэгжүүлэх шаардлагатай гэв.

Монголбанкны хувьд инфляцыг тогтворжуулах бодлогод өндөр ач холбогдол өгч, бодлогын хүүг нэмэгдүүлэх, төсвийн шинж чанартай үйл ажиллагааг шат дараатайгаар хумих, гадаад секторын сөрөг нөлөөг гадаад валютын ханшийн өөрчлөлтөөр бууруулах шаардлагатай байгааг Дэлхийн банкнаас онцоллоо.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top